Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 11 дүгээр сарын 13-нд болсон Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр тус улсын тээвэр, логистикийн салбарын үр ашгийг дээшлүүлж, нэн даруй шинэчлэхийг үүрэг болголоо. Төрийн тэргүүн төмөр замын үндэсний 'Казахстан Темир Жолы' (КТЖ) оператор компанийн үйл ажиллагааг шүүмжилж, ашигт ажиллагаа болон үйл ажиллагааны үр өгөөжийг нь сайжруулах шаардлагатайг сануулав.
Акордагийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Токаев тээврийн дэд бүтцийг цаг алдалгүй сайжруулах нь улс орны стратегийн хөгжлийн гол хүчин зүйл болохыг онцолсон байна. Тэрбээр төмөр замын салбарт цахимжуулалтыг нэвтрүүлж, компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулахын зэрэгцээ логистикийн төвүүдийг өргөтгөх, хил болон гаалийн хяналтын горимыг хялбаршуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Түүнчлэн ачаа эргэлтийн саадгүй урсгалыг хангахад тушаа болж буй дэд бүтцийн гацааг арилгах нь чухал болохыг төрийн тэргүүн онцлов. Тээврийн салбарт бүхэлд нь цахим шилжилт хийхийн зэрэгцээ хууль дээдлэх зарчмыг чанд баримталж, хөрөнгө оруулагчид болон логистикийн компаниудад ээлтэй орчин бүрдүүлэхийг уриаллаа.
Хуралдааны үеэр Токаев 'Самрук-Казына' баялгийн сан болон 'КТЖ' компанийн удирдах албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон саатуулагдсан асуудлыг хөндөв. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг хангаж, удирдлагуудын хувийн хариуцлагыг өндөржүүлэх ёстойг тэрбээр анхаарууллаа.
Хуралдааны төгсгөлд холбогдох төрийн байгууллагуудад тээвэр, дамжин өнгөрөх тээврийн салбарыг хөгжүүлэх, Казахстанаар дайран өнгөрөх олон улсын коридорын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр даалгавар өгсөн байна. Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газарт даалгалаа.


