Миний тохиргоо

Италийн эрх баригчид ‘Meta’ компанийг 805 сая еврогоор торголоо

Италийн мэдээлэл хамгаалах агентлаг бямба гарагт 'Meta' компанид иргэдийн хувийн нууцыг зөрчсөн үндэслэлээр 805 сая евро буюу ойролцоогоор 887.3 сая ам.долларын торгууль оноолоо. Тус шийдвэр нь Италийн зохицуулах байгууллагаас томоохон технологийн компанид ногдуулсан түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шийтгэл болж байгаа бөгөөд энэ нь 'Meta'-гийн жилийн нийт эргэлтийн 0.4 хувьтай тэнцэж байна.

Зохицуулагчдын тогтоосноор 'Meta' компани 'Facebook' аппликейшнээрээ дамжуулан Италийн 'Android' утас хэрэглэгчдийн хувийн зургийн сан, бичлэгт зөвшөөрөлгүй ханджээ. Уг зөрчил нь хэрэглэгчдэд өөрсдийн хувийн зургийн сангаас сошиал сүлжээнд нийтлэх зургийг автоматаар санал болгодог функцээс үүдэлтэй аж. Хяналтын байгууллага уг үйлдлийг 'хэрэглэгчдэд зохих ёсоор мэдэгдэлгүй, тодорхой зөвшөөрөл авалгүйгээр хийсэн' хэмээн дүгнэв.

Тус улсын мэдээлэл хамгаалах агентлаг аппликейшнээ шинэчлээгүй болон өмнө нь тус системд зөвшөөрөл олгосон олон тооны хэрэглэгчдийн хувийн нууц одоо ч зөрчигдсөөр байгааг онцоллоо. Иймд шийдвэрийн дагуу 'Meta' компани уг автомат санал болгох үйлдлийг 60 хоногийн дотор идэвхгүй болгож, зөвхөн тухайн функцэд зориулан хэрэглэгчдээс тусдаа зөвшөөрөл авах үүрэг хүлээж байна.

Италийн тал тус компанийг шалгах ажиллагааг 2025 оны долдугаар сард эхлүүлсэн бөгөөд шалгалтын явцад 'Meta' хамтран ажиллаагүй гэж мэдэгдэв. 'Meta' компанийн Европын төв оффис Ирландад байрладаг тул уг хэргийг Ирландын хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх ёстой хэмээн өмнө нь маргаж байсан ч Италийн зохицуулагчид энэ шаардлагыг нь хэрэгсэхгүй болгожээ. Тус компани торгуулийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ба одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж