Их Британийн дуучин, дуу зохиогч Жэймс Блант 2027 оны гуравдугаар сарын 5-нд Прага хотын 'O2 universum' танхимд тоглолтоо хийхээр зарлав. Энэхүү тоглолт нь түүний шинэ цомогт зориулсан 'Airplane Mode Tour' Европын аялан тоглолтын хүрээнд зохион байгуулагдаж байна. Европын аялан тоглолт 2027 оны хоёр, гурав, дөрөвдүгээр саруудад үргэлжлэх бөгөөд Чехийн нийслэл Прага хот түүний хуваарьт багтжээ.
'You're Beautiful', 'Goodbye My Lover', 'Wisemen' зэрэг олон улсын хит дуугаараа танигдсан уран бүтээлч хамгийн сүүлд гурван жилийн өмнө Прага хотын 'Forum Karlin'-д тоглож байсан юм. Ирэх тоглолтод түүний уран бүтээлийн замналыг тодорхойлсон хуучны хитүүдээс гадна шинэ цомгийн дуунууд эгшиглэнэ.
Жэймс Блант Их Британийн армиас гарсны дараа 2004 онд 'Back to Bedlam' нэртэй анхны цомгоо гаргаж, дэлхий дахинд нэр алдар нь түгсэн билээ. Хөгжмийн салбарт хөл тавихаас өмнө тэрбээр Сэндхөрстийн Эзэн хааны цэргийн академид суралцаж, Косовод алба хааж байв. Түүний анхны цомог арилжааны өндөр амжилт үзүүлж, Их Британийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай 20 цомгийн тоонд багтсан бөгөөд 'Brit Awards', 'MTV Europe Music Awards'-ын шагнал хүртэж, 'Грэмми'-д таван удаа нэр дэвшжээ. Улмаар 2007 онд гарсан 'All the Lost Souls' хоёр дахь цомгийнх нь '1973' дуу 20 гаруй орны хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байв.
Түүний шинэ цомог 'Airplane Mode' нэртэйгээр 2026 оны арваннэгдүгээр сарын 6-нд 'Atlantic Records'-оор дамжин худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна. Нийт 12 дуутай энэхүү цомгоос 'Tastes Like Summer' болон орчин үеийн амьдралын дарамт шахалтыг хөндсөн 'Weight of It All' синглүүд олон нийтэд хүрээд буй. 'Charmenko Czechia'-ийн зохион байгуулж буй уг тоглолтын тасалбарыг 'Ticketportal' болон 'Ticketmaster'-ээр худалдаалж байна.


