Миний тохиргоо

Их Британи 90 мянган залууд баталгаат ажлын байр олгоно

Их Британийн эрх баригчид Universal Credit тэтгэмж авч буй залуусыг ажлын байраар хангах туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаны дараа тус хөтөлбөрийг Англи, Шотланд, Уэльс даяар бүрэн нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Шинэ зохицуулалтаар хөдөлмөрийн зах зээлд хөл тавихад хүндрэлтэй байгаа 90,000 гаруй залууг 2029 оны гуравдугаар сар гэхэд баталгаат ажлын байраар хангахаар төлөвлөв. Энэхүү санаачилга нь ажил, сургуульгүй залуусын шалтгааныг судалсан Алан Милберний тайлан нийтлэгдэхийн өмнөхөн зарлагдсан томоохон арга хэмжээ юм.

Хөтөлбөрийн хүрээнд 18-24 насны залуус урьд нь 18 сарын турш ажилгүй байж байж уг дэмжлэгт хамрагддаг байсан бол 2027 оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ хугацааг 12 сар болгон наашлуулж байна. Ингэснээр урт хугацааны ажилгүйдлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж, залууст түргэн шуурхай дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ. Засгийн газраас оролцогчдын долоо хоногийн 25 хүртэлх цагийн хөдөлмөрийн хөлсийг холбогдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 6 сарын турш бүрэн санхүүжүүлнэ.

Хөтөлбөрт хамрагдагсдад хувь хүнд нь тохирсон ур чадвар олгох сургалт, ажилд орох ярилцлагын бэлтгэл болон ажил эрхлэх явцын дэмжлэгийг хамтад нь үзүүлж байна. Одоогоор Их Британи даяар Lidl, Leonardo Hotels, Boots зэрэг 400 гаруй нэр хүндтэй ажил олгогч нэгдэж, ажлын байр гаргахад бэлэн болжээ. Түүнчлэн 2027 оны дөрөвдүгээр сараас эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэмж авдаг залуус сайн дурын үндсэн дээр уг баталгаат ажлын байрны хөтөлбөрт хамрагдах нөхцөл нээгдэх юм.

Залуусын ажил эрхлэлтийн баталгаа нь тус улсын засгийн газраас 1 сая орчим залууг дэмжиж, 500,000 ажлын боломж бий болгоход зориулан хуваарилсан 2.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтын салшгүй нэг хэсэг юм. Ажил хайж эхэлсэн эхний өдрөөс хувийн чиглүүлэгчтэй хамтран ажиллах ба зургаан сарын дараа ажил олоогүй бол тухайн залууг ажилд авсан байгууллагад 3,000 фунтын урамшуулал олгох механизмаар дамжуулан боломж олгож байна. Хэрэв 12 сарын турш ажлын байр олдоогүй бол баталгаат ажлын байрны төсөлд шилжүүлэх юм.

Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Пэт Макфадден хэлэхдээ, ажилгүй байх хугацаа уртсах тусам эргэн ажилд ороход төдий чинээ хэцүү болдгийг онцолж, авьяас чадвартай залуу үеийг гадуур орхилгүй цаг алдалгүй дэмжих нь улс орны ирээдүйд нэн чухал болохыг санууллаа. Өмнө нь тус хөтөлбөрийг Бирмингем, Их Манчестер, Эссекс зэрэг залуучуудын ажилгүйдэл өндөр байсан зургаан бүс нутагт туршиж амжилт олсон тул ийнхүү Их Британийн бүх нутаг дэвсгэрт бүрэн нэвтрүүлж байна.

GOV.UK DWPGOV.UK DWP · Эх сурвалж