Ухаалаг утасны дэлгэц унтарсан ч цаанаа мессежүүдийг шинэчилж, системийн арын үйлдлүүдийг тасралтгүй гүйцэтгэж байдаг. Яг үүнтэй адилаар хүний тархи гадаад орчинд анхаарлаа төвлөрүүлээгүй, юу ч хийхгүй байгаа мэт үед маш чухал дотоод боловсруулалтуудыг хийдэг байна. Бид автобусанд цонх ширтэх, шүршүүрт орох эсвэл зүгээр л алхаж байх үед тархи дурсамжаа эргэцүүлэх, ирээдүйг төсөөлөх, бусдыг ойлгох болон шинэ санаануудыг хооронд нь холбох үйлдлийг гүйцэтгэдэг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд 'үндсэн горимын сүлжээ' (Default Mode Network буюу DMN) гэж нэрлэдэг.
Эрдэмтэд 1990-ээд он болон 2000-аад оны эхээр тархины зураглалын туршилт хийж, математикийн бодлого бодох гэх мэт төвлөрөл шаардсан даалгаврын үед тархины ямар хэсгүүд ажилладгийг судалжээ. Үүний тулд тэд жишиг түвшинг тогтоохоор оролцогчдоос даалгаврын хооронд нүдээ аних, хана руу ширтэх эсвэл юу ч бодохгүй тайван байхыг хүссэн байна. Гэтэл хүн шинэ даалгаварт анхаарлаа хандуулах үед тархины зарим хэсэг идэвхжиж, харин өмнө нь амарч байх үед ажиллаж байсан хэсгүүдийн идэвх буурч байсныг тогтоожээ. Энэхүү ажиглалт нь тархи амрах үедээ ч өндөр идэвхтэй ажилладаг уг сүлжээг нээх үндэс болсон юм.
Үндсэн горимын сүлжээ нь хүний амьдралын туршлага, дурсамж, мэдлэг, сэтгэл хөдлөлийг нэгтгэн, хувь хүний дотоод ертөнц болон 'би' гэх мэдрэмжийг бүрдүүлдэг байна. Энэ нь тархины зөвхөн нэг хэсэг бус, гадаад ертөнцөд анхаарал хандуулаагүй үед зэрэг идэвхждэг хэд хэдэн бүсийн нэгдэл юм. Түүнчлэн тархинд гадаад орчныг хянагч буюу 'онцлох дохионы сүлжээ' (Salience Network) зэрэгцэн ажилладаг. Жишээлбэл, жолоо барьж явахдаа өөр зүйл бодон сатаарч байтал өөр машин урдуур гэнэт орж ирэхэд онцлох дохионы сүлжээ тэр даруй ажиллаж, анхаарлыг зам руу шилжүүлдэг байна.
Өнөө үед автобус хүлээх, дараалалд зогсох, хоол идэх зэрэг сул чөлөөтэй хором бүрийг ухаалаг утас эзэлж буй нь уг сүлжээний ажиллах боломжийг хязгаарлаж байна гэх болгоомжлол бий. Хэдийгээр утсаа үзэх нь уг сүлжээний ажиллагааг бууруулснаар сэтгэцийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэх баттай баримт хараахан гараагүй байгаа ч утасны зохисгүй хэрэглээ нь стресс, нойрны хомсдол үүсгэдэг нь тодорхой байна. Харин нойргүйдэл, стресс нь тархины үндсэн горимын сүлжээний холбоосыг саатуулдаг нь судалгаагаар нотлогджээ.
Гэвч энэ сүлжээ үргэлж эерэг үр дагавартай байдаггүй. Хүний бодол сарниж, тэнүүчлэх явцад шинэ шилдэг санаа төрж болох ч өнгөрсөнд тохиолдсон таагүй, ичмээр явдлуудыг дахин дахин санагдуулах эрсдэлтэй байдаг. Тухайлбал, сэтгэл гутралтай хүний тархины энэ хэсэг зогсолтгүй сөрөг бодлуудыг давтан эргэцүүлэх урхинд ордог аж. Үүнээс гадна Альцгеймерийн өвчин нь үндсэн горимын сүлжээний, ялангуяа хувийн дурсамж хадгалдаг гол хэсгүүдийг гэмтээдэг болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд энэ нь тус өвчний үед санах ой алдагддаг шалтгааныг тайлбарлаж байна.
Иймд судлаачид нойроо бүтэн авч, стрессээ зөв зохицуулахыг зөвлөж байна. Хүнд даалгавар, хичээл хийсний дараа бүрэн амарч, утсаа үзэхгүй байх нь мэдээллийг бататган тогтооход тусалдаг аж. Зарим үед уйдах, юу ч хийхгүй зүгээр суухыг тархины эрч хүчээ сэлбэх, шинэ санаа олох, дурсамжаа цэгцлэх идэвхтэй үйл явц хэмээн ойлгож, өдөр тутмын амьдралдаа цахим төхөөрөмжгүйгээр зүгээр л амрах хугацаа гаргахыг эрдэмтэд уриалж байна.


