Германы хямд үнийн жижиглэн худалдааны сүлжээ Aldi зардлаа бууруулах дэлхийн хэмжээний бодлогынхоо хүрээнд Их Британи дахь төв оффисын олон зуун албан тушаалыг цомхотгож эхлэв. Сүлжээ дэлгүүрийн удирдлага технологийн багийн 150 хүртэлх ажлын байрыг хасах асуудлаар ажилтнуудтай зөвшилцөж эхэлсэн бол өмнө нь санхүү, захиргааны 103 ажилтан, худалдан авалтын 20 орчим захирлыг халсан билээ.
Энэхүү шийдвэр дэлгүүрийн ажилтнуудад шууд нөлөөлөөгүй боловч цөөн тооны өндөр цалинтай бүсийн менежерүүдийн тоог бага зэрэг бууруулсныг компаниас мэдэгдлээ. Түүнчлэн Aldi хиймэл оюуны технологи ашигладаг Genpact компанитай хамтран санхүү, захиргаа болон худалдан авалтын чиг үүргээ Энэтхэг зэрэг улсууд руу шилжүүлж байна. Мөн Уорикшир гүнлэгийн Атерстон хотод байрлах төв оффисын гэрээт цэвэрлэгч нарын ажлын цагийг бууруулж, ирэх саруудад цалингийн тооцооны багийн цомхотголыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Компанийн зүгээс хэрэглэгчдэд хямд үнийг санал болгох амлалтаа биелүүлэхийн тулд бүтцээ оновчтой болгож байгаа бөгөөд энэ онд Их Британид 900 барааны үнийг бууруулахад 300 сая фунт зарцуулснаа дурдав. Гэвч Worldpanel байгууллагын мэдээллээр 11 дүгээр сарын 1 хүртэлх 12 долоо хоногийн хугацаанд Aldi-гийн борлуулалт ердөө 0.4 хувиар өсөж, зах зээлд эзлэх хувь нь өмнөх оноос 0.1 нэгжээр буурчээ.
Уг бууралт нь Aldi-гийн нэгж барааны дундаж үнэ 0.1 хувиар хямдарч, тухайн хугацаанд үнээ бодитоор бууруулсан цорын ганц сүлжээ болсонтой шууд холбогдож байна. Нөгөө талд уламжлалт томоохон супермаркетууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж буй тул зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсэж, салбарын бусад тоглогчид ч бүтцийн өөрчлөлт хийхэд хүрэв.
Их Британийн зах зээлд өрсөлдөгч Morrisons энэ хавар төв оффисынхоо олон зуун ажлын байрыг цомхотгосон бол Sainsbury’s технологийн шинэчлэлийн хүрээнд 300 ажлын байр хасчээ. Мөн Tesco талх нарийн боовны үйлдвэрлэлээ өөрчилсөнтэй холбогдуулан олон тооны ажилтнаа халж, Asda компани логистикт автоматжуулалт нэвтрүүлснээр 1,000 хүртэлх ажлын байр эрсдэлд орсныг мэдэгдсэн юм.


