Европын долоон орны олон арван супермаркет цахим халдлагад өртөж, дэлгүүрүүдийн хөргөгч болон хөлдөөгчийн үйл ажиллагаа доголдлоо. Кибер халдлагын улмаас Бельги, Люксембург дэх Delhaize сүлжээний 40 орчим дэлгүүр өртсөнөөс гадна Швед, Ирланд, Нидерланд, Эстони, Финланд зэрэг орны жижиглэн худалдааны цэгүүдэд ижил асуудал үүсжээ. Халдлага үйлдэгчид тоног төхөөрөмжийн ууршуулагчийг гэсгээх горимд шилжүүлснээр хөлдөөгчүүдийн дулаан Цельсийн 50 хэмд хүрсэн байна.
Энэхүү халдлагыг өнгөрсөн аравдугаар сард Францын хэдэн зуун супермаркетийг онилсон арга барилтай адил гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайн үед Францад сая сая еврогоор үнэлэгдэх хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулахад хүрч байв. Европын ихэнх супермаркетуудын хөргөлтийн систем интернетэд холбогдсон тул засвар үйлчилгээ, хяналтыг алсаас хийх боломжтой байдаг нь халдлагад өртөх нөхцөл болжээ. Delhaize дэлгүүрийн системийг ажиллуулдаг Бельгийн хөргөлтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Sabcobel компанийн гүйцэтгэх захирал Стефан Моеланс хэлэхдээ, ажилтнууд халдлагад өртсөн төхөөрөмжүүдийг сүлжээнээс салгахаар шөнөжин ажилласан бөгөөд зөвхөн программ хангамжийн шинэчлэл хийгээд зогсохгүй бодит техник хэрэгслийг нь физик байдлаар сайжруулах шаардлага тулгарсан гэдгийг мэдэгдлээ.
Бельгид хохирлын хэмжээ их байгаа бөгөөд Умард Фландрын Хуйлаарт дахь Delhaize салбарын менежерийн мэдээлснээр 100,000 еврогийн бүтээгдэхүүн муудаж хаягдсан байна. Мөн Carrefour сүлжээний 15 салбар, түүнчлэн Spar дэлгүүрүүдийг ажиллуулдаг Colruyt Group-ийн таван салбар халдлагад өртсөнөө батлав. Шведийн тавилгын аварга Икеа компанийн Бельгийн баруун хэсгийн Монс хот дахь дэлгүүрийн хөргөлтийн систем гэмтсэн тул бусад салбарууд ч эрсдэлд орж болзошгүйг анхааруулжээ.
Швед улсад сүлжээ дэлгүүрүүд багагүй хохирол амслаа. Тус улсын өмнөд хэсгийн Шёбү дэх ICA дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгчүүдийг хакердаж, температурыг 50 хэмд хүргэсний улмаас муудсан хүнсийг устгалд оруулж, түр хугацаагаар хаагдсаны дараа дахин нээгдэв. Түүнчлэн 800 салбартай Coop сүлжээний долоон дэлгүүр өртсөн ч нөхцөл байдлыг шуурхай хяналтад авсан тухайгаа мэдэгдсэн байна.
Энэхүү халдлагын давалгаа бусад орнуудад ч үргэлжиллээ. Ирландад Musgrave Group-ийн SuperValu сүлжээний 13 салбарын тодорхой загварын хөргөгчүүд кибер халдлагад өртсөн бол Нидерландад махны болон орон нутгийн дэлгүүрүүд зэрэг 17 байгууллагын систем доголдсон байна. Финландын Kesko сүлжээний зарим K-дэлгүүр болон Эстонийн Selver супермаркетад ч хөргөлтийн системийн гэмтэл бүртгэгджээ.
Одоогийн байдлаар уг халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй байна. Бельги, Шведийн үндэсний кибер аюулгүй байдлын агентлагууд мөрдөн шалгах ажиллагааг хянаж байгаа бол Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төв олон улсын түншүүдтэй хамтран нарийвчилсан мэдээлэл цуглуулахаар ажиллаж эхэллээ. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын цэргийн баазуудад гарсан хөргөлтийн системийн гэмтлийг Америкийн албаныхан Францын мэргэжилтнүүдтэй хамтран Европын үйл явдалтай холбоотой эсэхийг нягталж байна.


