Австралийн Викториа мужийн Жилонг хотын Ботаникийн хүрээлэнд 'Пит' хэмээн нэрлэсэн аварга том хүүрийн цэцэг ойрын өдрүүдэд дэлбээлэх гэж байна. Индонезийн уугуул энэхүү ургамал нь ердөө 7-10 жилд ганцхан удаа буюу нэгээс хоёрхон хоног цэцэглэдэг ховор онцлогтой юм. Дэлбээлж, хурц эхүүн үнэр ялгаруулсныхаа дараа тус цэцэг гундаж унадаг бөгөөд газрын доор 10 хүртэлх жилийн хугацаанд дахин тайван төлөвт шилждэг байна.
Өдгөө 1.5 метр өндөр ургасан уг ургамлыг Жилонгийн ботаникийн хүрээлэнгийн тусгай тохируулгат хүлэмжинд шилэн хоргоны цаана арчлан хамгаалж байна. Хүрээлэнгийн ажилтан Люси Гриффитсийн тайлбарласнаар, хүүрийн цэцэг дэлбээлэх үедээ үхсэн амьтан, өмхийрсөн бяслаг эсвэл иссэн байцаатай төстэй маш хурц өмхий үнэр ялгаруулдаг ч гадаад төрхөөрөө нэн үзэсгэлэнтэйд тооцогддог ажээ.
Шинжлэх ухаанд 'Amorphophallus titanum' буюу Титан Арум хэмээн нэрлэгддэг энэ цэцэг нь ихэнх шим тэжээл, энергээ цардуул ихтэй газрын доорх үндсэндээ хуримтлуулдаг байна. Хүрээлэнгийн мэргэжилтнүүд ургамлын булцуут үндсийг 2024 онд жигнэж үзэхэд 10 орчим килограмм байсан бол энэ оны тавдугаар сард 17.7 килограмм болж өссөнийг тогтоожээ. Ийнхүү эрчимтэй жин нэмсэн нь цэцэг дэлбээлэхэд хангалттай энерги хуримтлуулсны баталгаа болсон тул энэ онд цэцэглэх магадлалтай гэж тооцоолсон нь биелэлээ олж байна.
Уг ургамал өнгөрсөн сард тайван үеэсээ сэрж гарч ирснээс хойш өдөрт дунджаар таван сантиметрээр эрчимтэй өсөж байгаа аж. Тус ботаникийн хүрээлэнд нийт дөрвөн ширхэг хүүрийн цэцэг байдгийн хоёрыг нь Өмнөд Австралийн Ботаникийн хүрээлэнгээс 2021 онд хандивлаж байжээ. Эдгээр ургамлыг цэцэглүүлэхэд асар их арчилгаа, олон жилийн бэлтгэл шаардагддаг болохыг ургамал судлаач Мэтт Коултер онцолсон байна.
Хүүрийн цэцэг нь үхсэн амьтны сэг зэмээр хооллодог ялаа, цох хорхойнуудыг татах зорилгоор ийнхүү муудсан махны эхүүн үнэр ялгаруулж, цусыг санагдуулам гүн улаан өнгөөр дэлбээлдэг байгалийн нарийн зохицолгоотой. Ингэснээр шавжнууд цэцгийн дэлбээн дээр өндөглөхөөр ирж, тоос хүртээх үйл явц явагддаг байна.
Жилонг хотод 2024 онд өмнөх цэцэг дэлбээлэх үеэр 20,000 гаруй хүн биечлэн үзэж, 350,000 гаруй хүн цахимаар шууд дамжуулалтыг үзсэн томоохон үйл явдал болж байв. Орон нутгийн иргэд уг байгалийн ховор үзэгдлийг дахин сонирхохоор хүлэмжийг зорьж эхэлжээ. Зохион байгуулагчид хүлэмжид орохын тулд урт дараалалд 3-4 цаг зогсох шаардлага тулгарч болзошгүйг анхааруулан, зочдод нарны тос, шумуулын тос болон үнэрт бэлтгэлтэй ирэхийг зөвлөж байна.

