Дэлхийн үүлэн тооцооллын хамгийн том компаниудын хоёр нь богино хугацааны дотор цөмийн эрчим хүч худалдан авах 20 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Тухайлбал, 'Amazon' компани Мэрилэнд муж дахь 'Constellation' компанийн 'Калверт Клиффс' станцаас 690 мегаватт цахилгаан авахаар тохиролцсоны 190 мегаваттыг 2030-2032 онд нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн 'Google' компани АНУ-ын сүлжээнд 890 мегаваттын цөмийн хүчин чадал нэмэх гэрээнд гарын үсэг зурав. 'Constellation' компани Иллинойс, Пенсильвани, Нью-Жерси мужуудад байрлах 11 реакторыг шинэчлэхэд 4.3 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр тохиролцоо нь цоо шинэ реактор барих бус, одоо байгаа хуучин байгууламжуудын гарцыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Хэдхэн жилийн өмнө цөмийн эрчим хүчийг дахин өргөнөөр ашиглах нь төсөөлөхийн аргагүй байв. 1979 оны 'Три Майл Айланд', 1986 оны Чернобыль, 2011 оны Фүкүшимагийн ослуудын дараа цөмийн эрчим хүчний салбар ихээхэн уналтад орсон түүхтэй. Тухайлбал, Герман улс атомын станцуудаа бүрэн хааж, Япон улс реакторуудаа түр зогсоож байв. Гэтэл өнөөдөр 'Три Майл Айланд' станцын гэмтээгүй үлдсэн реакторыг сэргээн ажиллуулж, 'Microsoft' компани цахилгааныг нь 20 жилээр худалдан авахаар боллоо. Түүнчлэн АНУ-ын Эрчим хүчний яам хаагдсан гурван станцыг дахин ажиллуулахад 4.4 тэрбум хүртэлх ам.долларын зээл олгож, 2.25 гигаваттын чадлыг сэргээхээр зорьж байна. 2022 онд хаагдсан Мичиган муж дахь 'Палисейдс' станцыг 2027 оны гуравдугаар сар гэхэд дахин ажиллуулахаар гэрээлжээ.
Өнгөрсөн арван жилд технологийн салбар эрчим хүчний асуудлыг үр ашигтай чип, авсаархан загварууд болон хөргөлтийн ухаалаг системээр шийдэхийг оролдсон юм. Гэвч үр ашгийн ахиц дэвшил нь цахилгааны нийт хэрэгцээг бууруулсангүй, харин ч салбарынхныг илүү том загварууд хөгжүүлэхэд хүргэлээ. 'DeepSeek' бага өртгөөр өрсөлдөхүйц загвар сургаж болохыг харуулсан ч судалгааны лабораториуд видео боловсруулалт, тасралтгүй ажилладаг хиймэл оюуны агентуудад улам их тооцоолол төлөвлөж эхэлсэн байна. 1865 онд Уильям Жевонсын ажигласнаар уурын хөдөлгүүр үр ашигтай болох тусам нүүрсний хэрэглээ нэмэгдсэн шиг Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дата төвүүдийн цахилгааны хэрэгцээ 2030 он гэхэд хоёр дахин өсөж, 945 тераватт-цагт хүрэх төлөвтэй байна.
Иймээс технологийн компаниуд эрэлтийг бууруулах биш, нийлүүлэлтийг худалдан авах тактикт шилжсэн ч шинээр том реактор барихад дор хаяж арван жил шаардагддаг. Жижиг модульчлагдсан реакторуудад хөрөнгө оруулж байгаа ч 2030-аад оны эхэн хүртэл цахилгаан үйлдвэрлэх боломжгүй байна. Үүнээс гадна энэ жил суурилуулж буй чипүүд технологийн дэвшлийн улмаас 20 жилийн гэрээний хугацаа дуусахаас хамаагүй өмнө хуучирч хоцрох эрсдэлтэй бөгөөд хэрэв эрэлт суларвал гэрээний урт хугацааны төлбөрийг хэрхэх нь тодорхойгүй байна.
Эдгээр гэрээнүүдийн дийлэнх нь АНУ-ын 13 муж болон Вашингтон хотын 67 сая оршин суугчдад үйлчилдэг 'PJM' сүлжээний бүсэд хэрэгжиж байна. 'PJM' сүлжээнд ирээдүйн хэрэгцээг хангах дуудлага худалдааны үнэ дээд хязгаарт хүрсэн бөгөөд сүүлийн дөрвөн удаагийн дуудлага худалдаагаар дата төвүүдийн эрэлттэй холбоотой зардал 29.4 тэрбум ам.долларт хүрснээс хамгийн сүүлийнх нь дангаараа 6.3 тэрбум ам.доллар болжээ. Уг зардлыг энгийн хэрэглэгчдийн төлбөрт шингээдэг тул 2028 он гэхэд нэг өрх сард нэмэлтээр 70 ам.доллар төлөх тооцоо гарсан нь олон нийтийн эсэргүүцлийг дагуулж, Виржини, Охайо зэрэг мужууд тусдаа тариф тогтоохоор ажиллаж байна.
АНУ-д үүссэн энэхүү нөхцөл байдал нь хиймэл оюуны дэд бүтцийг эрчимтэй байгуулж буй Персийн булангийн орнуудад томоохон сургамж болж байна. Тухайлбал, Катарын баялгийн сан 'Brookfield'-тэй хамтран 20 тэрбум ам.долларын төсөл эхлүүлж, цахилгааны хүчин чадлыг 1.5 гигаватт хүртэл нэмэхээр төлөвлөсөн бол Абу-Даби 5 гигаватт, Саудын Араб 'HUMAIN' төслөөр 2 гигаваттын хүчин чадал бий болгохоор зорьж байна. Хэрэв Катар улс 1.5 гигаватт хүчин чадал бүхий дата төв байгуулбал энэ нь улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 12 хувийг эзлэх тул аж үйлдвэрийн тариф тогтоох, шинэ хүчин чадлыг хэн санхүүжүүлэх болон урт хугацааны эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан зөв тооцоолох шаардлагатайг шинжээчид санууллаа.


