Миний тохиргоо

Хиймэл оюуны эрин үед их сургуулийн номын сангууд яагаад урьд өмнөхөөсөө илүү чухал болсон бэ?

Дэлхийн улс орнуудын их дээд сургуулиуд хиймэл оюуны технологийг сургалт, судалгаандаа өргөнөөр ашиглахаар уралдаж байна. Гэвч хиймэл оюуны санал болгосон хариулт хэзээ найдвартай болохыг хэн оюутнуудад зааж өгөх вэ гэдэг асуудал хурцаар тавигдах болов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2021 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 24-31-ний өдрүүдэд тэмдэглэж буй Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь мэдлэгийн долоо хоногийн хүрээнд эрдэм шинжилгээний номын сангийн гүйцэтгэх үүргийг эргэн харах шаардлага тулгарлаа. Инновац, автоматжуулалтын тухай хэлэлцүүлэг дунд номын санг зөвхөн ном худалдан авч, хадгалан, зээлүүлдэг газар мэтээр хуучинсаг ойлгосоор байна.

Бодит байдал дээр хиймэл оюун эрдэм шинжилгээний номын сангийн ач холбогдлыг бууруулаагүй бөгөөд харин ч тэдний жинхэнэ зорилгыг улам тодотголоо. Өнөөдөр оюутнуудад мэдээлэл олж авах нь асуудал биш болсон цаг. Генератив хиймэл оюун хэдхэн хормын дотор өгүүллийг хураангуйлж, ишлэл санал болгон, эрдэм шинжилгээний хэв маягийг гарамгай дуурайдаг ч итгэлтэй харагдах нь найдвартай гэсэн үг биш юм. Хиймэл оюун огт байхгүй ишлэл зохиох, хайлтын системүүд мэдээллийг үнэлэхээс илүүтэй зэрэглэл тогтоох, хуурамч сэтгүүлүүд мэргэжлийн мэт харагдах эрсдэл түгээмэл байна.

Энэ нөхцөл байдал мэдээллийн суурь ойлголтыг өөрчлөв. Мэдээлэл хайж сурахаас гадна түүнд эргэлзэж, баримт хаанаас үүссэнийг нягтлах, нэг эх сурвалж яагаад нөгөөгөөсөө илүү найдвартай болохыг таних чадвар зайлшгүй шаардлагатай боллоо. Иймд их сургуулийн номын санг номын агуулах биш, харин тухайн сургуулийн оюуны дэд бүтэц гэж ойлгох нь зүйтэй. Үүний тод жишээ нь Казахстаны Назарбаев Их Сургуулийн номын сан бөгөөд тэнд зөвхөн цахим бааз, судалгааны орон зай бүрдүүлээд зогсохгүй оюутнуудад эх сурвалжийг үнэлэх, эш татах арга барил, мэдээллийн хариуцлагатай хэрэглээг сургадаг байна.

Мөн тус номын сан судлаачдад өгөгдлийн сан ашиглах, судалгааны ажлын харагдах байдлыг нэмэгдүүлэх, сэтгүүлээ зөв сонгох, хуурамч хэвлэлийн газруудаас зайлсхийхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна. Энэ нь захиргааны үйлчилгээ биш, харин академик ур чадварын суурь юм. Их сургуулиуд оюутнуудад шүүмжлэлт сэтгэлгээг төлөвшүүлнэ гэж ярьдаг атлаа мэдлэгийг хайх, турших, ашиглах аргыг заадаг энэхүү байгууллагадаа хангалттай хөрөнгө оруулдаггүй зөрчил хиймэл оюун дэлгэрснээр илүү тодорхой болов.

Оюутан урьд өмнөхөөсөө илүү хурдан судалгааны тойм бэлтгэж чаддаг болсон ч сонгосон бүтээлүүд нь үнэн бодит эсэхийг тайлбарлаж, хиймэл оюуны боловсруулсан дүгнэлтийн өрөөсгөл байдлыг анзаарч, баримтын анхны эх сурвалжийг мөшгөж чадахгүй бол технологийн чадварыг оюуны чадамжтай андуурах эрсдэл гарна. Иймээс номын санчид сургалт судалгааны захад үлдсэн харуулууд бус, харин мэдээлэл, технологи, эрдэм шинжилгээний ёс зүйн уулзвар дахь түншүүд болон ажиллах учиртай.

Их сургуулийн удирдлагууд хиймэл оюуны боловсролыг зөвхөн ямар программ хэрэглэх, хэрхэн команд бичихийг заах төдийгөөр хязгаарлаж болохгүй гэдгийг дээрх үйл явц харуулж байна. Жинхэнэ хиймэл оюуны суурь нь мэдээллийн боловсрол бөгөөд оюутнууд системээс өгсөн хариултыг шалгах, харьцуулах, шаардлагатай бол татгалзах чадварт суралцах ёстой. Эс бөгөөс технологийн хэрэглээ сайтай ч мэдлэгийг ялган шүүж чаддаггүй төгсөгчдийг бэлтгэх аюултай бөгөөд бэлэн хариултаар бялхсан өнөө үед ямар хариултыг хүлээж авахгүй байхыг заах нь академик номын сангийн хамгийн үнэ цэнтэй үүрэг болов.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж