Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Каннам дүүрэгт мягмар гарагт хоёр ч барилгад дараалан гал тавьж, 19 хүнийг гэмтээсэн хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдуулан 70 гаруй насны эрэгтэйг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан тухай холбогдох албаныхан мэдээлэв.
Сэжигтэн эхлээд Каннам дүүргийн нэгэн барилгын гуравдугаар давхарт 11:54 цагийн орчимд гал тавьсан байна. Үүний дараа ойролцоох өөр нэг барилгын дөрөвдүгээр давхарт 12:01 цагт дахин гал тавьжээ.
Эхний барилгад гарсан галын улмаас 60 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, 11 хүн бэртэж гэмтсэн байна. Тэдний дундаас нэг иргэний зүрх зогссон байдалтай байжээ. Гал сөнөөгчид тус түймрийг өдрийн 14:20 цагт бүрэн унтраасан юм.
Харин удаах барилгад гарсан түймрийн улмаас 8 хүн гэмтсэн бөгөөд аврагчид галыг 12:35 цагт бүрэн хяналтад авч, унтраажээ. Хэн нэгэн санаатайгаар гал тавилаа гэсэн дуудлага авсны дагуу онцгой байдлын албанаас нийт 115 гал сөнөөгчийг газар дээр нь дайчлан ажиллуулсан байна.
Хэрэг үйлдсэн сэжигтэн гал тавьсныхаа дараа метрогоор дамжин зугтсан ч цагдаа нар түүнийг Сөүл хотын төв хэсэгт орших Дунмё буудлын ойролцоо 16:16 цагт саатуулжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул цагдаагийн төлөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.


