Уран барилгач Петр Главачек Прага хотын даргаар томилогдохоор зэхэж байна
Зургийн эх сурвалж: https://praguemorning.cz/petr-hlavacek-prague-mayor/

Уран барилгач Петр Главачек Прага хотын даргаар томилогдохоор зэхэж байна

Чехийн нийслэлийн орон нутгийн сонгуульд STAN хөдөлгөөн ялалт байгуулж, тус хотын дараагийн захирагчаар Петр Главачек томилогдох боломж бүрдлээ. Одоогийн хотын орлогч дарга тэрбээр орон сууцжуулалт, дэд бүтцийн төслүүдийг тэргүүлэх чиглэлээ болгохоо мэдэгдсэн байна.

Чехийн нийслэл Прага хотын орон нутгийн сонгуульд STAN улс төрийн хөдөлгөөн 23.16 хувийн санал авч, төлөөлөгчдийн хуралд 17 суудал авлаа. Сонгуулийн энэхүү ялалтын үр дүнд тус хөдөлгөөн засаглалын эвслийг тэргүүлэх боломжтой болж, Петр Главачек хотын даргын албан тушаалд нэр дэвшихээр төлөвлөж эхэлжээ.

Өдгөө нийслэлийн нутаг дэвсгэр, стратегийн хөгжил хариуцсан орлогч даргаар ажиллаж буй Главачек орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, дэд бүтцийг шинэчлэхийг зорьж байна. Түүний боловсруулсан төлөвлөгөө нь ашиглагдаагүй хуучин үйлдвэрийн бүсүүдийг дахин хөгжүүлж, Прагад нийт 350,000 шинэ орон сууц барих боломжийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн нийслэлийн өмчит компаниар дамжуулан газраа худалдахаас сэргийлж, 70,000 хүртэл айлын орон сууц барих санаачилгыг дэмжиж байна. Энэ хүрээнд Бубны-Заторы дүүргийг өөрчлөн шинэчилж, 20,000 орчим иргэнийг орон сууцаар хангах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Тэрбээр төв тойрог болон гадна тойргийн замын төслийг үргэлжлүүлж, авто зогсоолын бодлогод шинэчлэл хийхээ илэрхийлэв.

Уран барилгач мэргэжилтэй Петр Главачек 1961 оны долоодугаар сарын 31-нд Злин хотод мэндэлсэн байна. Тэрбээр Чехийн Техникийн их сургуулийг дүүргэж, Мичиганы их сургуульд багшилж байсан төдийгүй Бразил дахь Элчин сайдын яамны барилгын шинэчлэлийн ажлыг удирдан гүйцэтгэжээ.

Главачек 2015 онд Прага хотын Төлөвлөлт, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байгаад дараа жил нь уг ажлаас чөлөөлөгдөж байв. Улмаар улс төрийн замналаа 2018 оноос эхлүүлж, 2021 оны арваннэгдүгээр сард нийслэлийн нэгдүгээр орлогч даргаар томилогдсон бөгөөд 2022 оны сонгуулийн дараа буюу 2023 оны хоёрдугаар сараас стратегийн хөгжлийн салбарыг дахин хариуцаж эхэлсэн түүхтэй.

Prague MorningPrague Morning · Эх сурвалж