Их Британийн нэрт хошин шогч, жүжигчин 51 настай Рассел Брэндийг 1999-2009 оны хооронд нийт зургаан эмэгтэйд хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байна. Түүнд хүчингийн гурав, бэлгийн халдлагын гурав, ёс бус халдлагын нэг буюу нийт долоон зүйл ангиар ял тулгаад буй бөгөөд Лондон хотын Саутворк титмийн шүүхэд уг хэргийг хэлэлцэж эхэллээ. Хар судалтай хослол, зангиагаар гоёсон Брэнд шүүхийн танхимд биечлэн ирсэн бөгөөд өөрт нь тулгасан бүх ялыг эрс үгүйсгэж, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлээд байна.
Улсын яллагч Риэл Карми-Жонс тангарагтны шүүхэд хандан хэлэхдээ, шүүгдэгч нь хувийн хүслээ хангахын тулд эмэгтэйчүүдийг золиосолдог байсныг онцоллоо. Хүчирхийлэл зочид буудлын өрөө, ажлын байр, уушийн газрын ариун цэврийн өрөө болон түүний хувийн орон сууц зэрэг янз бүрийн газарт гарсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд татгалзаж эсэргүүцсэн ч шүүгдэгч огт тоолгүй үйлдлээ үргэлжлүүлж байсныг яллагч онцолсон юм. Түүнчлэн Брэндийн өмнөх хамтран амьдрагч Марк Пиньейрогийн мэдүүлснээр, Брэнд 5,000 эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орох зорилготой байсан бөгөөд үүндээ хүрэхийн тулд зөвхөн тэдний сонсохыг хүссэн үгийг хэлэх тактик ашигладаг байжээ.
Эхний хэрэг 1999 онд Борнмут хотод болсон Хөдөлмөрийн намын хурлын үеэр Брэндийг хараахан алдаршиж амжаагүй байх үед гарсан гэж прокурор танилцуулав. Нэгэн кабаре тоглолтод оролцож байсан Брэнд тэнд танилцсан эмэгтэйг зочид буудлын өрөөнд хүч хэрэглэн хүчирхийлсэн гэж буруутгагдаж байна. Эмэгтэй эсэргүүцэж 'үгүй' гэж хэлсээр байтал шүүгдэгч бэлгэвчгүйгээр түүнийг хүчирхийлээд, дараа нь ямар ч асуудал болоогүй мэт цахим шуудангаа үлдээгээд явсан гэх мэдээллийг шүүхэд өглөө.
Дараагийн хэргүүд Брэндийн нэр хүнд өсөх үед үргэлжилсэн байна. Тухайлбал, 2001 онд MTV телевизийн байранд ажиллаж байсан эмэгтэйг бие засах өрөө рүү хүчээр чирэхийг завдсан бол 2004 онд Лондоны Сохо дүүргийн бааранд нэгэн эмэгтэйг ариун цэврийн өрөөнд хүчээр оруулж амны хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ. Эмэгтэй эсэргүүцэн боль гэж хэлэхэд 'битгий маяглаад бай' хэмээн тохуурхсан гэж шүүх хуралдааны үеэр дурдсан байна. Мөн 2004-2005 онд радиогийн студид өөр нэг эмэгтэйд зүй бусаар халдаж, түлхүүлснийхээ дараа шоолон инээж байсан тохиолдол бүртгэгджээ.
Тав дахь хохирогч нь 2009 онд Брэндийн хошин шогийн тоглолтыг үзсэнийхээ дараа түүний хувцас солих өрөөнд уригдаж, улмаар гэрт нь хүргүүлсэн эмэгтэй байв. Тэд харилцан тохиролцсоны дагуу бэлгийн харилцаанд орсон хэдий ч Брэнд тухайн үед эмэгтэйг хүчээр хүчирхийлж, биед нь ноцтой гэмтэл учруулсан байна. Эмэгтэй өвдсөндөө болж зогсохыг дахин дахин гуйсан ч тэрээр үргэлжлүүлсэн төдийгүй өрөөг цэвэрлэхийг тушаажээ. Үүнээс гадна тухайн онд 'Channel 4' телевизийн байранд өөр нэг эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн гомдол гарсныг дурдлаа.
Рассел Брэнд цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ бүх үйлдлийг эрс үгүйсгэж, хэзээ ч бусдын хүсэл сонирхлын эсрэг бэлгийн харилцаанд орж байгаагүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр 2023 онд өөрийнх нь талаар цацагдсан баримтат киноны дараа хүмүүс эдгээр явдлыг зориуд зохиож, өөрчилсөн байх магадлалтай гэж тайлбарлажээ. Шүүх танхимд Брэндийн эхнэр Лора Галлахер оролцсон бөгөөд шүүх хуралдаан шүүгч Беннатаны удирдлага дор үргэлжилж байна.