Цар тахлын дараа Австралид хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн дарамт эрс нэмэгдсэнийг Сиднейн их сургуулийн шинэ судалгаа илрүүллээ. Хөгжингүй орнуудад энэ төрлийн үзүүлэлт буурч байсан тул судлаачид Австралид ч мөн буурна хэмээн тооцоолж байсан ч бодит байдал дээр эсрэг үр дүн гарчээ.
Судалгааны тайлангаас үзвэл 2014-2024 оны хооронд ес хүртэлх насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл жилд дунджаар 2.8 хувиар өссөн бол 10-17 насны охидын дунд 4.2 хувиар тогтмол нэмэгдсэн байна. Ялангуяа 2021 оноос хойш 10-17 насны хөвгүүдийн эсрэг бэлгийн халдлага 15.7 хувиар эрчимтэй өссөн нь хамгийн түгшүүртэй үзүүлэлт болов.
Эрдэмтэд уг өсөлтийг дан ганц шалтгаанаар тайлбарлах боломжгүй гэж үзэж байна. Тус улсад сүүлийн 20 жилд байгаагүй орлогын тэгш бус байдал 2021 оноос хойш эрчимжиж, гэр бүлүүдийн эдийн засгийн дарамт нэмэгдсэн нь хүчирхийлэл өсөх суурь нөхцөл болжээ. Түүнчлэн 2020 оноос хойш үүссэн эдийн засгийн хямралыг намжаах засгийн газрын 'JobKeeper' зэрэг тэтгэмж 2021 оны гуравдугаар сард дууссан нь өрхүүдийн амьдралд хүчтэй цохилт өгсөн байна.
Үүнээс гадна залуу эрчүүдийн дунд уламжлалт эрх мэдлийн хандлага сэргэж, цахим орчинд эмэгтэйчүүдийг үзэн ядах бүлэглэлүүд идэвхжсэн нь охид эмэгтэйчүүдийн эсрэг түрэмгийллийг өдөөж байна. Нөгөө талдаа иргэдийн мэдлэг ойлголт дээшилснээр цагдаагийн байгууллагад бүртгүүлэх тохиолдол нэмэгдсэн байж болзошгүйг дурджээ.
Судалгааг ахалсан доктор Люси Граммит төрийн байгууллагууд хүчирхийллийн эсрэг зөвхөн өөр өөрсдийн чиглэлээр ажиллаж, мэдээллээ нэгтгэхгүй байгааг шүүмжлэв. Квинсленд, Викториа зэрэг мужуудад гэр бүлийн хүчирхийллийн зарим оны тоон мэдээлэл дутуу эсвэл хоорондоо нийцэхгүй байгаа нь нэгдсэн хяналт тавихад хүндрэл учруулж байна.
Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нь зөвхөн нэг салбарын бус засгийн газрын бүх түвшний нэгдсэн бодлого шаардсан хүний эрхийн чухал асуудал болохыг судлаачид онцлон анхаарууллаа.