Миний тохиргоо

Хилийн гол хүнцлээр хорджээ: Тайланд уул уурхайн бохирдлыг зогсоохыг Мьянмараас шаардав

Тайландын хойд хэсгийн гол мөрөн уул уурхайн хорт хаягдалд ноцтой бохирдож, иргэдийн амь нас, ахуй амьдралд аюул учруулж эхэллээ. Өмнө нь загас жараахай элбэг байсан Кок болон Сай голуудад хүнцэл, мөнгөн ус зэрэг аюултай бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрснийг тогтоосон байна. Үүний гол шалтгаан нь Мьянмарын Шан мужид явуулж буй газрын ховор элемент болон алтны хууль бус олборлолт юм. 2021 оны цэргийн эргэлтээс хойш иргэний дайн өрнөж буй тус мужид уул уурхайн үйл ажиллагааг зэвсэгт бүлэглэлүүд голчлон хянадаг бөгөөд тэдгээрийн олборлолтыг Хятадын зах зээлийн эрэлт тэтгэж байна.

Бангкок хотод энэ долоо хоногт Тайланд, Мьянмарын хамтарсан ажлын хэсгийн анхны уулзалт болж, шинжилгээгээр голын урсгалын дагуух бохирдлын эх үүсвэр нь Мьянмар дахь уурхайнууд болохыг баталсныг танилцуулав. Хэлэлцээнд Хятадын тал мөн оролцсон байна. Талууд Кок болон Сай голын 12 цэгээс хамтарсан усны дээж авах судалгааг ирэх 12-оос нэгдүгээр сарын хооронд эхлүүлэхээр тохиролцлоо. Гэвч Тайландын талын зүгээс тавьсан уул уурхайн үйл ажиллагааг зургаан сараар түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн шийдээгүй байна.

Энэхүү хэлэлцээний өмнөхөн Мьянмарын хил орчмын Мэй Сай дүүргийн 14 тосгоны ундны усны хангамжийг бүрэн зогсоосон юм. Учир нь тус бүсийн усан дахь хүнцлийн хэмжээ засгийн газраас тогтоосон стандартаас даруй 30 дахин өндөр гарчээ. Мөн хойд болон зүүн хойд нутгийн иргэдэд хүнцэл болон хар тугалганы хордлого илэрсэн тул голын хясаа зэрэг усны амьтдыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг эрх баригчид анхааруулсан байна.

Тайландын Шадар сайд Ёджанан Вонсават хамтарсан уулзалтын үеэр 'Хүнцэл байгалиасаа бий болоогүй, энэ бол уурхайнуудаас үүдэлтэй. Бохирдлын голомт нь Мьянмарын Шан муж гэдэгтэй хэн ч маргахгүй' хэмээн онцоллоо. Мөн Мэй Сай дүүргийн эсрэг талын хил орчим дахь хоёр алтны уурхай голын бохирдлыг голчлон үүсгэж буйг Тайландын албаныхан зааж байна. Гэвч тус бүс нутаг нь Мьянмарын төрийн арми болон Хятадтай нягт холбоотой 'Ва мужийн нэгдсэн арми' зэрэг үндэстний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдийн мэдэлд хуваагдмал байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Уул уурхайн гол бүсүүд Мьянмарын төрийн цэргийн захиргааны хяналтаас гадуур оршдог тул тус улсын эрх баригчид үйл ажиллагааг нь зогсоох боломж хомс гэдгийг судлаачид хэлж байна. Иймээс Тайланд улс Мьянмараас газрын ховор элемент худалдан авдаг гол орон болох Хятадын тусламжийг авахаар зорьж байна. Хэрэв Мьянмар уурхайнуудыг бүрэн хянаж чадахгүй бол Хятадын хувийн хэвшлийнхэнд шахалт үзүүлэхийг Бээжингээс хүснэ гэдгээ Шадар сайд Ёджанан илэрхийлсэн бол Бээжингийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулж, техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж