Австралийн ихэнх нутаг дэвсгэрт ирэх зуны саруудад ойн түймэр гарах аюул эрс нэмэгдэж буйг гал түймэр болон онцгой байдлын зөвлөлөөс албан ёсоор сэрэмжлүүлэв. Цаг агаарын төлөвөөс үзвэл өдөртөө болон шөнөдөө ердийнхөөс ер бусын дулаан байх нь ургамал, хөрсийг хурдацтай хатаах төлөвтэй байна.
Австрали болон Шинэ Зеландын гал, онцгой байдлын зөвлөлийн (AFAC) мэдээлснээр Квинсленд болон нийслэлийн бүсээс бусад бүх муж түймрийн өндөр эрсдэлтэй нүүрлэж байна. Хаврын улиралд хур тунадас ихээр орсны улмаас ургамал, ногоо их хэмжээгээр ургасан нь халалтын улмаас амархан шатамхай түлш болон хувирчээ.
AFAC-ийн гүйцэтгэх захирал Роб Уэбб хаврын чийг эхний ээлжинд галыг хойшлуулж болох ч дараалсан хэд хэдэн өдөр 40 хэм хүрч халбал байдал түргэн өөрчлөгдөнө гэв. Тэрбээр '25 жилийн өмнө түймрийн цаг агаар зааж байх үед шөнөдөө сэрүүсдэггүй, салхитай хонох нь хамгийн аюултай нөхцөл байсан' хэмээн дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлт болон Эл Ниньогийн нөлөөгөөр дэлхийн дулаарал дээд түвшинд хүрсэн нь АНУ, Канад болон Европын нутаг дэвсгэрт түймрийн улирлыг хүндрүүлсэн. Австралийн хувьд ч 2026 он түүхэн дэх хамгийн чийглэг Эл Ниньогийн жил болох хандлагатай ч хойд болон зүүн өмнөд хэсэгт эргэн хатах төлөв давамгайлж байна.
Виктория мужийн хувьд 2025-26 оны улиралд 440,000 орчим га газар түймэрт шатаж сүйдсэн гашуун түүх саяхан давтагдсан билээ. Тус мужийн умард болон өрнөд бэлчээрт аравдугаар сарын борооноос үүдэн өвс, ургамал хэт ургасан нь ирэх нэг, хоёрдугаар сард томоохон түймэр дэгдэх бодит эрсдэл дагуулж байна.
Тасмани арлын зүүн хэсэг бага хур тунадастай, хөрс нь хуурай байгаа тул түймэр илүү хүчтэй гарах нөхцөл бүрдээд байна. Мөн Шинэ Өмнөд Уэльсийн Хантэр болон өмнөд хэсэг, Төв Австралийн бүсүүд хуурайшилт, хэт халууны улмаас түргэн хяналтаас гарах галын аюулд өртөж болзошгүйг анхаарууллаа.
Эрх баригчид нийт иргэдэд хандан тэнгэр цэлмэг, тайван байгаа үед ч орон нутгийнхаа эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг уриалж байна. Шөнийн сэрүүн цаг богиносч, гал шөнөжин шатах өндөр эрсдэлтэй байгаа тул галын аюулгүй байдлын төлөвлөгөөгөө эртнээс бэлдэх шаардлагатайг санууллаа.


