Миний тохиргоо

Дуучин Элли Голдинг Австралийн маргаантай уурхайн очир эрдэнийг сурталчилсандаа хүлцэл өчлөө

Английн алдарт дуучин Элли Голдинг Австралийн уугуул иргэдийн газар нутаг, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн маргаантай уурхайн очир эрдэнийг сурталчилсандаа албан ёсоор хүлцэл өчив. Байгаль орчны асуудлаар олон жил дуу хоолойгоо өргөж ирсэн дуучин бүсгүй энэ сарын эхээр Лондон хотод болсон үнэт эдлэлийн 'Boodles' брэндийн арга хэмжээнд оролцож, Баруун Австралиас гаралтай ягаан очир эрдэнийг зүүн олны өмнө гарсан юм.

Элли Голдинг өнгөрсөн жил биологийн олон янз байдал, уур амьсгалын салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Британийн эзэнт гүрний одон (MBE) хүртсэн бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) сайн санааны элчээр ажилладаг байна. Тэрбээр гаргасан шийдвэртээ харамсаж байгаагаа илэрхийлээд 'Argyle' уурхайтай холбоотой маргааны талаар мэдээлэлгүй байснаа хүлээн зөвшөөрч, цаашид тус газраас гаралтай үнэт эдлэл зүүхгүй гэдгээ мэдэгдэв.

Уг явдлын өмнөхөн 'Boodles' компани 'Rio Tinto' группээс 'Argyle Pink Diamonds' брэндийг нөөцийнх нь хамт худалдан авсан байжээ. Харин тухайн бүс нутгийн уламжлалт өмчлөгчдийг төлөөлдөг 'Gelganyem' бүлгийн тэргүүн Киа Доуэлл дуучны уучлалыг хүлээн авч буйгаа илэрхийлээд, энэ явдал нь уурхайг хаах явцад тавигдах шаардлага болон нутгийн уугуул иргэдийн өмнө тулгарч буй эрсдэлийг олон нийтэд ойлгуулахад тусална гэдэгт найдаж байгаагаа уламжилсан байна.

Уугуул иргэдийн зүгээс уурхайн бүс дэх химийн хорт бодисын үлдэгдэл зэрэг техникийн олон асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж, эх нутагтаа ямар нэгэн эрсдэлгүйгээр чөлөөтэй нэвтрэх эрхийг шаардаж байгаа аж. Тус уурхайг эзэмшигч 'Rio Tinto' компани Баруун Австрали дахь олборлолтыг 37 жил үргэлжлүүлсний эцэст 2020 онд зогсоосон бөгөөд одоогоор нөхөн сэргээлт болон хаалтын үйл явцыг уламжлалт өмчлөгчидтэй хамтран хэрэгжүүлж байна гэж мэдэгдлээ.

The Guardian AustraliaThe Guardian Australia · Эх сурвалж