Миний тохиргоо

Хянагчтайгаа гинжлэгдсэн хоригдол саван ашиглан эмнэлгээс оргов

Их Британийн Манчестер хотын чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан 36 настай эрэгтэй эмнэлгийн ариун цэврийн өрөөнд байхдаа хянагчтайгаа холбоотой гинжнээс мултарч оргосон хэрэг гарлаа. Эх сурвалжийн мэдээлснээр уг этгээд шингэн саван ашиглан төмөр гаваа гаргаж авсан бөгөөд 13 цагийн турш зугтсаны эцэст Их Манчестерийн цагдаа нарт баривчлагдан буцаж хоригдов.

Энэхүү хэрэг 11 дүгээр сарын 20-ны баасан гарагийн орой болсон бөгөөд хоёр харгалзагч В зэрэглэлийн уг хоригдлыг орон нутгийн эмнэлэгт авчирсан байжээ. Дүрмийн дагуу хоригдлыг давхар гаваар хянагчтай холбох ёстой ч бие засах үед нь эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан нэг метрээс урт гинж бүхий дан гав болгон сольж, хувийн орон зай олгодог байна. Хоригдол энэ боломжийг ашиглан оройн 20:30 цагийн үед оргосон тул хууль сахиулагчид түргэн авч, шөнийн турш эрэн сурвалжилжээ.

Цагдаагийн байгууллага тусгай хүч дайчлан хайсны эцэст маргааш нь буюу 11 дүгээр сарын 21-ний бямба гарагийн өглөө 09:30 цагт түүнийг илрүүлсэн байна. Уг этгээд цагдаа нараас зугтахаар явган хөөцөлдсөн боловч удалгүй баригдаж, хууль ёсны хорионоос оргосон хэргээр дахин ял нэмэгдэх болсныг албаныхан мэдэгдлээ. Хууль зүйн яам энэ асуудлаар албан ёсны шалгалт эхлүүлж, аюулгүй байдлын журам хэрхэн мөрдөгдсөнийг нягталж эхлэв.

Энэ нь тус хотын эмнэлгээс хоригдол оргосон энэ оны хоёр дахь тохиолдол болсон бөгөөд долоодугаар сард хоёр эмэгтэй рүү дайрсан хэргээр эмнэлэгт саатуулагдаж байсан Судан гаралтай, 20 настай Марван Жумаа гэгч оргож байжээ. Их Британийн Хорих ангийн ажилтнуудын эвлэлийн дарга Марк Фэйрхөрст энэ хэргийн дараа мэдэгдэл хийж, А болон В зэрэглэлийн хоригдлыг эмнэлэг рүү хүргэхэд одоогийн хоёр хянагчийг гурав болгож нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Англи, Уэльсийн хэмжээнд сүүлийн жилүүдэд хоригдлууд оргох тохиолдол тасралтгүй өсөж, 2023-24 онд 9 бүртгэгдэж байсан бол өмнөх онд 12, харин 2025-26 онд 14 болон нэмэгджээ. Өмнө нь 2023 оны есдүгээр сард тагнуулын хэрэгт буруутгагдаж байсан 23 настай Даниел Халифе хоолны машины доод хэсгээс зүүгдэн оргож байсан бол ноднин Дербиширийн шоронгоос оргосон 33 настай Жей Беннетт зэвсэгт цагдаа нарыг машинаараа мөргөн зугтахыг завдаж байв.

Манчестер хотын HMP Manchester шорон нь нөхцөл байдал хүндэрсэн газруудын нэгээр нэрлэгддэг. Тус хорих ангийн хяналт шалгалтын тайланд дурдсанаар дрон ашиглан их хэмжээний хар тамхи нэвтрүүлдэг, харх үүрлэсэн төдийгүй хүчирхийлэл ихтэй байгаа тул ахлах байцаагч Чарли Тейлор 2024 онд яаралтай арга хэмжээ авах мэдэгдэл гаргаж байжээ.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж