Францад төвтэй олон улсын томоохон хэвлэлийн агентлаг Agence France-Presse (AFP) цахим халдлагад өртөж, 'AFP Forum' платформоо сүлжээнээс салгах шаардлага үүсэв. Тус агентлагийн удирдлагууд пүрэв гарагт халдлагын нөхцөл байдал болон хэн үйлдсэнийг тогтоохоор дотоод шалгалт явуулж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ.
Агентлагийн дотоод захидалд тэмдэглэснээр халдлага шөнийн 00:30 GMT буюу Парис хотын цагаар 1:30 цагт эхэлж, мэдээлэл татаж авдаг үндсэн платформыг онилсон байна. Инженерүүд халдлагыг илрүүлсэн даруйдаа тархалтыг хязгаарлаж, урьдчилан сэргийлэх үүднээс системийг түр зогсоосон тул хэрэглэгчдэд нөөц хувилбаруудыг санал болгожээ.
Францын Кибер аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Винсент Струбел улс орон нь урьд өмнө үзэгдээгүй түвшний цахим заналхийлэлтэй нүүр тулж буйг пүрэв гарагт анхааруулав. Тэрбээр 'France Inter' радиогоор ярихдаа халдлагын цар хүрээ, эрчим эрс нэмэгдэж байгаа тул хамгаалалтын тогтолцоог хамтын хүчээр бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Энэхүү явдал нь Европын орнуудад кибер халдлага эрс олширсон үед давхацлаа. Тухайлбал Швейцарын Цюрих хотод төвтэй Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA өөрийн байгууллагын болон хувийн мэдээлэл халдлагад өртсөнийг өнгөрсөн пүрэв гарагт батлан мэдэгдсэн юм.
Мөн өнгөрсөн аравдугаар сард Францын сүлжээ дэлгүүрүүд цахим халдлагад өртөж, хөргөгч болон хөлдөөгчдийн температур Цельсийн 50 градус хүртэл нэмэгдсэн тохиолдол гарчээ. Арваннэгдүгээр сарын эхээр Их Британи, Герман, Бельги, Швед зэрэг Европын өөр 10 улсын дэлгүүрүүдэд үүнтэй адил төстэй температурын хэлбэлзэл ажиглагдсан байна.
Францын тал уг халдлагыг Тегерантай холбон тайлбарлаж, Ираны элчин сайдыг дуудан албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн юм. Харин Иран улс Парисын гаргасан уг буруутгалыг үндэслэлгүй гэж няцаагаад, тус улсыг үндэслэлгүйгээр дайрдаг явцуу бодлогоо зогсоохыг уриалав.


