Мельбурн хотоос Сиднейг зорьсон Qantas компанийн 426 дугаар нислэг лхагва гаргийн өглөө 10:15 цагийн өмнөхөн газардахаар төлөвлөж байв. Гэвч зурвас дээгүүр өөр онгоц нэвтэрч байсны улмаас тус Boeing 737 онгоцны багт газардах зөвшөөрлийг хойшлуулж өгнө гэдгийг нислэгийн удирдлагаас урьдчилан анхааруулсан байжээ.
Улмаар Qantas-ын онгоц эцсийн буулт хийхээр ойртох үед Air New Zealand компанийн агаарын хөлөг зурвас хөндлөн гарч буйг нисгэгчид өөрсдөө харсан байна. Үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас нислэгийн баг газардах үйлдлийг яаралтай цуцалж, онгоцыг дахин тойрог хийлгэх шийдвэр гаргажээ.
Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчооноос уг зай барилтын зөрчлийг шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан тайлан найман долоо хоногийн дараа бэлэн болно. Шалгалтын хүрээнд багийн гишүүдээс мэдүүлэг авч, удирдлагын ярианы бичлэг болон хяналтын камеруудыг нягтлан, нисгэгчдийн тухайн үеийн сэтгэл зүйн загварчлалыг тусгайлан судлах юм.
Сиднейн нисэх буудалд энэ онд онгоцууд хоорондоо хэт ойртсон хэд хэдэн тохиолдол гарсан бөгөөд ажилтны нөөцийн дутагдал гол хүчин зүйл болж буйг өмнө нь тэмдэглэж байв. Есдүгээр сарын шалгалтаар тус буудалд зурвас зөрчих болон аюултайгаар ойртох зөрчил улсын дунджаас 20 хувиар өндөр байгааг тогтоосон байна.


