Германы Боб Дилан хэмээн нэрлэгддэг алдарт дуучин, хөгжмийн зохиолч Вольф Бирман 90 насныхаа ойг угтаж 'Unterm Haar nur Himmel' буюу 'Үсний цаана зөвхөн тэнгэр' нэртэй шинэ цомгоо олны хүртээл болголоо. Энэхүү гарчиг нь ертөнц хичнээн хатуу чанга болсон ч хүний оюун санаа, сэтгэл зүрх ямагт эрх чөлөөтэй үлддэгийг илтгэсэн яруу найргийн дүрслэл юм. Тэрээр бүтээлүүддээ Дональд Трамп, Владимир Путин нарыг 'улс төрийн амрагууд' хэмээн егөөдөж, Палестины нутаг дахь дайныг буруушаан, эрх чөлөөг тасралтгүй тунхагласаар байна.
Бирман 1936 онд Гамбург хотод төржээ. Түүний эцэг коммунист үзэлтэй, нацистуудыг эсэргүүцэгч еврей гаралтай боомтын ажилчин байсан бөгөөд хүүг гуравхан сартай байхад Гестапогийнхон баривчилж, 1943 оны эхээр Освенцимын хорих лагерьт хөнөөсөн түүхтэй. Мөн онд холбоотнуудын цэрэг Гамбург хотыг бөмбөгдөж, галын шуурганд 40,000 хүн амиа алдахад бяцхан Вольф эхийнхээ хамт хоргодох байранд амь гарчээ. Энэхүү аймшигт үйл явдлын дараа түүний ээж хүүгээ коммунизмыг байгуулж, эцгийнхээ өшөөг авах ёстой гэсэн хатуу үзлээр хүмүүжүүлсэн байна.
Ийм итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэрээр 1953 онд буюу 16 насандаа олон мянган хүн баруун тийш зугтаж байх үед өөрийн хүсэлтээр Зүүн Германд шилжин суурьшжээ. Зүүн Берлинд улс төрийн эдийн засаг, математик, гүн ухаан судалж, Берлиний ансамбль театрт туслах найруулагчаар ажиллахын зэрэгцээ улс төрийн шүлэг, дуу бичиж эхлэв. Гэвч тус улсын амьдрал төсөөлсөн шиг нь коммунист диваажин биш болохыг төд удалгүй ухаарч, түүнийгээ уран бүтээлдээ ил тод шүүмжилж эхэлсэн юм.
Үүний улмаас Зүүн Германы эрх баригч Социалист нэгдсэн нам (SED) 1965 онд Бирманы тоглолт хийх болон уран бүтээлээ хэвлэн нийтлэх бүх эрхийг бүрэн хаажээ. Түүний байнгын тагнуул мөрдлөгт байсан гэр нь сэхээтнүүд, шүүмжлэгчдийн цугларах гол төв болсон юм. Гэвч 1976 онд эрх баригчид түүнийг Баруун Германы Кёльн хотод тоглолт хийхийг гэнэт зөвшөөрсөн бөгөөд тэнд хуран цугласан 7,000 орчим хүний өмнө Бирман дөрвөн цаг хагасын турш дэглэмийг элэглэн дуулжээ.
Баруун Германд аялан тоглолттой байх үед нь буюу тухайн оны арваннэгдүгээр сарын 16-нд Зүүн Германы тал түүний иргэншлийг хурааж, нутагтаа буцах эрхийг нь хассан шийдвэрийг радиогоор зарлав. Уг шийдвэрийг эсэргүүцэж тус улсын нөлөө бүхий зохиолч, уран бүтээлчид анх удаа нэгдэж, олон нийтэд хандсан мэдэгдэл гаргасан нь тухайн үедээ эрх баригчдад том цохилт болж байлаа. Иргэншлээ алдсаны дараа Бирман хүнд сэтгэл гутралд орсон ч энх тайвны болон цөмийн эсрэг хөдөлгөөнд идэвхтэй нэгдэж, шударга бусын эсрэг дуулсаар байв.
Өдгөө 90 насыг зооглосон тэрээр Гамбург хотод гэргий бөгөөд менежер Памелагийн хамт амьдарч байна. Тэрээр 10 хүүхэдтэй ч биеийн тамир суларч байгаа тул энэ удаа төрсөн өдрийн хүлээн авалт хийхгүй, Берлиний ансамбль театрт болох томоохон тоглолтондоо бэлдэхээр төлөвлөжээ. Мөн хожим нас барахдаа Берлин дэх Бертольт Брехт, Георг Гегель нарын алдарт сэхээтнүүдийн оршуулагдсан оршуулгын газарт нойрсох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.


