Чехийн нийслэл Прага хотын гол Зул сарын захууд арваннэгдүгээр сарын 28-ны бямба гарагт албан ёсоор нээгдэнэ. Баярын захын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болох халуун дарс 100 чех крон, шарсан зайдас 180 чех кроны үнээр зарагдахаар тогтжээ. Хуучин хотын талбай болон Вацлавын талбайд байрлах эдгээр зах 2027 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд ажиллах юм.
Захын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж буй 'Taiko' компанийн мэдээлснээр Прага хот нь хоол, ундааны үнийн хувьд Европ дахь хамгийн хямд, боломжийн Зул сарын захын бүс хэвээр үлдэж байна. Тухайлбал, халуун дарсны үнэ 2024 оноос хойш өөрчлөгдөөгүй 100 крон байгаа бол халуун алимны ундаа өнгөрсөн жилийн адил 70 кроноор зарагдах юм. Харин улаан өндөгний баяраар 160-аас 180 крон болж өссөн зайдасны үнэ энэ өвлийн улиралд ч мөн уг түвшиндээ хадгалагдахаар болжээ.
Бүтээгдэхүүний чанарын хувьд зайдсыг захын захиалгаар тусгайлан бэлтгэдэг бөгөөд махны агууламж нь 97 хувьд хүрдэг байна. Мөн халуун дарсыг Морави мужийн алдарт 'Chateau Valtice' дарсыг үйлдвэрлэгчийн усан үзмээр хийдэг аж.
Энэ улирлын баярын хөтөлбөрт нийт 5329 уран бүтээлч оролцож үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөгдсөн нь дээд амжилт тогтоож байна. Хөтөлбөрт хүүхдийн амралтын өдрүүдийн урлан, Гэгээн Николасын баяр болон уламжлалт Зул сарын битүүний арга хэмжээнүүд багтжээ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Хуучин хотын талбайд өглөөний 11:00 цагаас баярын шөл үнэгүй тарааж, 21:00 цагаас Чехийн Зул сарын найрал дууны тоглолт эхэлнэ.
Аюулгүй байдлын үүднээс зохион байгуулагчид бямба гарагт болох гацуур модны гэрэл асаах цагийг олон нийтэд нарийн зарлаагүй байна. Түүнчлэн иргэдийг амралтын өдрүүдэд ачааллыг жигд хуваарилан зочлох, зах руу том овортой ачаа тээш авчрахгүй байхыг уриаллаа.


