Чехийн нийслэл Прага хотын 2026 оны Зул сарын захын улирал арваннэгдүгээр сарын 20-нд эхэлнэ. Энэ улирлын анхны худалдааны мухлагууд Гэгээн Людмилагийн сүмийн дэргэдэх Намести Миру талбайд дэлгэгдэж, арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах аж.
Хотын төв талбай дахь гол захууд арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн 2027 оны нэгдүгээр сарын 6 хүртэл өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна. Энэ өдөр Хуучин хотын талбайд сүлд модны гэрлийг анхлан асааж, баярын нээлтийг албан ёсоор хийнэ. Зохион байгуулагч 'Taiko' компанийн мэдээлснээр Либерец бүсийн Шимоновицегээс авчрах 60 орчим жилийн настай, 23 метр өндөр гацуурыг арваннэгдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд суурилуулах юм. Баярын дараа тус модны модоор Прага хотын нийгмийн байгууллагуудад зориулан бүтээгдэхүүн хийнэ.
Мөн Хуучин хотын талбайгаас холгүй орших Вацлавын талбайн зах дээрх худалдаа 2027 оны нэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх бол Смиховын явган хүний бүс дэх Андьел зах арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 31 хүртэл өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд ажиллах юм.
Үүнээс гадна баярын өдрүүдэд цуврал тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 27-29-нд Хотек ордны дэргэд Бавари-Чехийн арга хэмжээ, арванхоёрдугаар сарын 5-6-нд Выставиште Прага үзэсгэлэнгийн талбайд 150 гаруй гар урчууд оролцсон үнэ төлбөргүй зах, арванхоёрдугаар сарын 11-13-нд Манес галерейд дизайнеруудын үзэсгэлэн худалдаа, арванхоёрдугаар сарын 13-нд Шинэ хотын захиргааны байранд баярын урлагийн арга хэмжээ тус тус болохоор төлөвлөгджээ.


