Казахстаны Алматы мужийн нутаг дахь Чарын хавцлын байгалийн цогцолборт газар 'The Worldworthy 100' жагсаалтын 2026 оны дугаарт дэлхийн 100 хавцлаас 17-р байрт шалгарлаа. Арваннэгдүгээр сарын 4-нд нийтлэгдсэн тус үнэлгээгээр уг хавцал 10 онооноос 9.48 оноо авсан байна.
Энэхүү олон улсын чансаанд 46 орны байгалийн өвөрмөц тогтоцтой 100 газрыг эрэмбэлжээ. Жагсаалтын тэргүүн байрт АНУ-ын Нью-Йорк муж дахь Лечворт хавцал орсон бол тус улсын алдарт Их хавцал (Grand Canyon) дөрөвдүгээр байрт бичигдсэн байна. Чансааг аялагчдын сэтгэгдэл, зөвлөмж, олон улсын аяллын хөтөч болон хэвлэл мэдээллийн дурдлага, нээлттэй мэдээлэлд тулгуурлан редакцийн хяналтаар эцэслэн гаргадаг аж.
Чарын хавцал нь сая сая жилийн турш бүрэлдэн тогтсон өвөрмөц хад чулуу, геологийн бүтэц, байгалийн үзэсгэлэнт тогтцоороо алдартай билээ. Энэхүү цогцолборт газар нь Казахстаны аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг бөгөөд 2025 онд 250 мянга шахам жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос хоёр дахин давсан үзүүлэлт болжээ.
Казахстан улс 'Worldworthy 100' жагсаалтын долоон ангилалд нийт 11 байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Тухайлбал, 'Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотууд' төрөлд Алматы хот 32-рт, 'Ази, Номхон далайн бүсийн хамгийн их хайр татсан хотууд' жагсаалтад Алматы 20-рт, Астана 69-р байрт эрэмбэлэгдлээ.
Түүнчлэн Алматы хотын Ким Асарын хавцал явган аяллын жагсаалтын 56-рт, Бутаковын хавцал 79-рт, Терренкур цэцэрлэгт хүрээлэн дэлхийн шилдэг паркуудын 53-р байрт тус тус оров. Нисэх онгоцны буудлуудаас Астана 33-рт, Алматы 92-рт жагссан бол дүүжин замын үйлчилгээнээс Чимбулак есдүгээрт, Хөх-Төбө 44-р байрт шалгарчээ.


