Миний тохиргоо

Өмнөд Солонгос магадлангаар суллахгүй бүх насаар хорих ялыг хуульчлахаар судалж байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх болон нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд магадлангаар суллахгүйгээр бүх насаар нь хорих ял бий болгохоор судалж байгаагаа ням гарагт зарлав. Энэхүү бодлого нь ялангуяа хувийн харилцаанаас үүдэлтэй хүчирхийлэл болон тодорхой сэдэлгүйгээр энгийн иргэд рүү халддаг хэргүүдийг таслан зогсооход чиглэж байна.

Сүүлийн жилүүдэд хувийн харилцаатай холбоотой ноцтой гэмт хэргүүд дараалан гарснаар олон нийтийн анхаарал энэ сэдэвт дахин төвлөрлөө. Тухайлбал, өнгөрсөн сард Чежү аралд өөрийг нь мөрдөн мөшгиж, хүчирхийлэл үйлдэж буй талаар цагдаад мэдэгдэж, хамгаалалтад байсан эмэгтэй хуучин амрагтаа хөнөөгдсөн хэрэг гарсан нь нийгмийг ихээхэн цочирдуулаад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Лим Кван Хён хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өдөр тутмын амьдралыг алдагдуулж, нийтийн хэв журамд заналхийлж буй луйвар, хар тамхи, хууль бус мөнгө хүүлэлт, цахим бэлгийн хүчирхийлэл болон хуурамч мэдээлэл түгээх гэмт хэргийг арилгахад хатуу анхаарна гэв. Энэхүү арга хэмжээ нь Ерөнхийлөгч И Жэ Мён өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад төрийн бүх нөөцийг дайчлах үүрэг өгсний дагуу хэрэгжиж байна.

Мөн Лим Кван Хён 'Иргэдийн арга мухардсан байдлыг ашиглан эдийн засгийн хохирол учруулсан этгээдүүдийг хилийн чанадад ч гэсэн мөрдөн мөшгиж, үйл ажиллагааг нь үндсээр нь устгаж, гэмт хэргийн орлогыг хаана. Үүнээс гадна олон нийтийн аюулгүй байдлыг хангах шинэ эргүүлийн анги байгуулах, магадлангаар суллах нөхцөлгүй бүх насаар хорих ял нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж байна' гэж мэдэгдэв.

Өмнөд Солонгосын одоогийн хуулиар бүх насаар хоригдсон этгээд 20 жил ял эдэлснийхээ дараа магадлангаар суллагдах хүсэлт гаргах эрх үүсдэг байна. 2023 онд Засгийн газар онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг нийгмээс бүрмөсөн тусгаарлах зорилгоор хугацаанаас өмнө суллагдах боломжгүй ялын хувилбарыг Эрүүгийн хуульд нэмэх төслийг дэмжиж байсан ч уг хуулийн төсөл 2024 оны тавдугаар сард хугацаа нь дууссан Үндэсний ассамблейн 21 дэх удаагийн парламентаар батлагдаж чадалгүй замхарчээ.

Korea TimesKorea Times · Эх сурвалж