Өмнөд Солонгос болон Бельгийн талууд Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон түүний төлөөлөгчдийн хувийн мэдээлэл алдагдсан хэргийг хэлэлцсэн талаар Сөүлийн Гадаад хэргийн яам 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдээллээ. Сөүл хотод болсон энэхүү уулзалтад Өмнөд Солонгосын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Пак Юн Жү болон Бельгийн Гадаад хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Теодора Гентзис нар оролцсон байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Пак Дү Сүн уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна мэдээлэл задарсан явдлыг хөндсөнийг мэдэгдэв. Түүнчлэн Сөүлийн эрх баригчид үүссэн нөхцөл байдалд онцгой ач холбогдол өгч, нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Бельгийн талтай нягт харилцаатай ажиллахаар тохирчээ.
Уг хэрэг Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон тэргүүн хатагтай Ким Хе Гён нар 2026 оны зургаадугаар сарын 9-нд Бельгийн Брюссель дэх Мелсбрук агаарын цэргийн баазад хүрэлцэн ирсэнтэй холбогдож байна. Тус айлчлалын үеэр төрийн тэргүүний онгоцонд зорчсон 168 хүний хувийн мэдээллийг агуулсан баримт файл цахим сүлжээнд тавигдсанаар дээрх ноцтой зөрчил илэрсэн юм.
Хортой код илрүүлэх зориулалттай VirusTotal платформд зургаадугаар сарын 2-нд байршуулсан тус баримтад төлөөлөгчдийн нэр, албан тушаал, төрсөн он сар өдөр болон паспортын мэдээлэл бүрэн багтсан байв. Уг файл нь Ли Жэ Мёны Бельги, Франц, Итали улсуудад хийсэн айлчлалаас долоо хоногийн өмнө нийтлэгдэж, таван сар гаруй хугацаанд цахим орчинд нээлттэй байжээ.
Албаныхны мэдээлснээр уг хэрэг нь цахим халдлагаас бус, харин айлчлалын баримт бичгийг боловсруулах явцад үүссэн хүний санамсаргүй алдаанаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна. Одоогийн байдлаар мөрдөгчид Өмнөд Солонгосоос Бельгид суугаа Элчин сайдын яам болон тус улсын эрх баригчдын хооронд бичиг баримт солилцох үеэр мэдээлэл задарсан байх бүх боломжит хувилбарыг шалгаж байна.


