Казахстан улс эдийн засгийн бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан үндэсний мөнгөн тэмдэгт тенгегийнхээ 33 жилийн ойг тэмдэглэж байна. Тус улсад 1993 оны дөрөвдүгээр сарын 13-нд Зөвлөлт Казахстаны Улсын банкийг Казахстаны Үндэсний банк болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. Үүний дараа буюу 1993 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тус улс тенгег гүйлгээнд албан ёсоор оруулж эхлэв. Анхны мөнгөн дэвсгэртийн загварыг Тимур Сулейменов, Мендыбай Алин нарын уран бүтээлчид эртний түүхийн эх сурвалжид тулгуурлан бүтээсэн түүхтэй.
Тус улс 1994 оноос эхлэн өөрийн дэвсгэрт үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 1995 онд Үндэсний банкны дэргэдэх Мөнгөн дэвсгэртийн үйлдвэрийг нээв. Тэр жилдээ 83 сая гаруй дэвсгэрт хэвлэсэн бол 1996 онд үйлдвэрлэлийн хэмжээ 104 саяыг давж төлөвлөсөн хүчин чадалдаа хүрчээ. Эхний дэвсгэртүүдэд шинжлэх ухаан, соёлын нэрт зүтгэлтнүүдийн хөргийг тусгаж байсан бөгөөд тусгаар тогтнолын 10 жилийн ойд зориулан 5000 тенгегийн дурсгалын дэвсгэрт гаргасан юм. Мөн 2006 онд Байтерек цогцолбортой, 2011 онд Казак Эли хөшөө бүхий шинэ цувралыг гүйлгээнд нэвтрүүлсэн түүхтэй.
Казахстан улс түүхэн үйл явдлуудад зориулан дурсгалын мөнгөн тэмдэгтийг тогтмол гаргаж, шинэ дэвшилтэт хамгаалалтын технологийг урьдчилан туршиж ирлээ. Тухайлбал, 2010 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалсан үйл явдал болон эртний түрэгийн бичээст зориулж 1000 тенгегийн дурсгалын дэвсгэрт хэвлэсэн юм. Үүнээс гадна 2011 оны Азийн өвлийн наадам, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ой зэрэгт зориулсан дэвсгэртүүдийг гаргажээ.
Тенгегийн нууцлал олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаа бөгөөд Сака загварын 10000 тенгегийн дэвсгэрт 2024 оны Шилдэг шинэ дэвсгэрт шагналыг хүртэв. Үндэсний банк хөдөлгөөнт дүрс бүхий 'Rapid Vision' бичил оптик хамгаалалтын тууз болон гурван хэмжээст эффекттэй 'RollingStar' ялтсыг анхлан нэвтрүүлсэн байна. Тухайлбал, 2022 онд шинэчлэн гүйлгээнд гаргасан 20000 тенгегийн дэвсгэрт нь хамгаалалтын нийт 25 өөр төрлийн нууцлалыг агуулж байна.
Казахстан улс цаасан мөнгө гүйлгээнд оруулснаас хойш 30 гаруй жилийн дараа дараагийн шинэ шат болох цахим тенгегийн эринд шилжиж эхэллээ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 онд цахим тенге хөгжүүлэх үзэл баримтлалыг баталж, төрийн санхүүгийн хяналтыг сайжруулах туршилтуудыг өрнүүлсэн юм. Энэ хүрээнд 2025 оны гуравдугаар сарын 17-нд Үки хөрөнгө оруулалтын зоос болон түүний цахим хувилбар болох Алтан зоосыг зах зээлд танилцуулжээ.
Цахим тенге нь энгийн бэлэн бус төлбөрөөс ялгаатай нь төсвийн хөрөнгийн зарцуулалтыг эцсийн цэг хүртэл нь нарийвчлан хянах боломжийг бүрдүүлж байна. Сангийн яамны мэдээлснээр одоогийн байдлаар 340 тэрбум цахим тенге буюу 753 сая ам.долларыг гаргаж, 20 гаруй туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Цахим мөнгөнд өвөрмөц код олгосноор гэрээт компаниудын олон дамжлагатай төрийн худалдан авалтад хяналт тавьж, төсвийн ил тод байдлыг хангах нөхцөл бүрдэж байна.


