Миний тохиргоо

Австралид өсвөр үеийнхний дунд цахим эрс үзэл эрс нэмэгдэв

Австралийн Холбооны цагдаагийн алба (AFP) сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд эрс үзэл, хүчирхийллийн агуулгатай гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байгаад түгшиж буйгаа зарлалаа. Баримтаас үзвэл, 2020 оноос хойш терроризмын эсрэг чиглэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 37 хүүхэд, залуусын 32 нь сүүлийн ердөө хоёрхон жилийн хугацаанд яллагдагчаар татагджээ. Guardian Australia сонины эрэн сурвалжилгаар холбооны шинэ хуулийн дагуу хүчирхийлэл, хэт даврах үзлийн шинжтэй материалыг хадгалсан хэргээр баривчлагдаж буй иргэдийн дийлэнх нь 18 нас хүрээгүй өсвөр үеийнхэн байгааг тогтоосон юм.

Холбооны цагдаагийн газрын судалсан өсвөр үеийнхэнд холбогдох 55 хэргээс харахад тэдгээрийн хэв шинж харилцан адилгүй байна. Дийлэнх нь өсвөр насны хөвгүүд байх бөгөөд олонх нь сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэг тусламж, дэмжлэг авч байсан түүхтэй аж. Зарим нь амьдралын боломжтой, тогтвортой гэр бүлээс гаралтай бол зарим нь асуудал дагуулсан орчинд өсжээ. Гэхдээ тэдний нийтлэг шинж нь интернэт орчинд байнгын идэвхтэй байсан бөгөөд гэмт хэрэгт орооцолдож буй нас жил ирэх тусам залуужиж байгааг шинжээчид цохон тэмдэглэв.

Сүүлийн сарын хугацаанд л гэхэд Дарвин хотод террорист халдлага үйлдэхэд тус болохуйц баримт бичиг цуглуулсан хэргээр хоёр өсвөр насны хүүхдийг баривчилсан явдал гарав. Хойд Нутаг Дэвсгэр дэх нэгэн гэрээс цахим төхөөрөмжүүдийг шалгахад сургууль дээр олон хүний аминд хүрсэн халдлагыг магтан сайшаасан цахим яриа, материалууд олдсон тухай AFP мэдээлсэн юм. Үүнээс таван сарын өмнө өөр нэг хүү нацизмыг дэмжсэн, цагаачлалын эсрэг үзэл бүхий нийтлэлүүд оруулж, 2019 оны Крайстчерчийн сүмийн буудалцаан, 2022 оны Баффалогийн халдлагын бичлэгүүдийг хадгалж байсан хэргээр баривчлагдаж байв. Эдгээр хэргүүдийг одоо шүүхээр хэлэлцэж байна.

Викториа их сургуулийн профессор Дебра Смит сүүлийн арван жилд эрс үзэлд татагдан орох нас огцом залуужсаныг санууллаа. Түүний хэлснээр үүнийг зөвхөн цэвэр шашин, үзэл суртлын туйлшрал гэж харахаас илүүтэй, залуус цахим ертөнц дэх сонирхол татам, хориотой орчинд өөрийгөө илэрхийлэх гэж оролдоод эцэст нь өөртөө болон бусдад хор хөнөөл учруулах урсгалд автаж байна. Тэрээр өсвөр насныхны хатуу дискнээс зөвхөн аймшигт аллага, цуст хүчирхийлэл дүүрэн бичлэгүүд илэрсэн тохиолдлуудыг өөрийн биеэр харж байснаа дурджээ.

Нью Саут Уэльс мужид ял сонссон нэгэн хүү 14 насандаа TikTok сүлжээгээр дамжин энэ төрлийн агуулгыг анх харж, бусадтай цахимаар харилцан өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хичээсэн тухайгаа мэдүүлжээ. Тэрээр ChatGPT ашиглан Бостоны марафонд бөмбөг тавьсан Жохар Царнаев болон Сиднейн Дуурийн театрын аюулгүй байдлын хамгаалалтын бүтцийг судалсан байсан бөгөөд шүүхээс түүнд олон нийтийн ажилд оролцуулах гурван жилийн шийтгэл оноосон юм. Мөн өөр хүүхдүүд Telegram сүлжээн дэх амьтны тамлал болон бусад харгис бичлэгүүд солилцдог сувгуудад идэвхтэй нэвтэрдэг байжээ.

Австралийн Үндэсний их сургуулийн судлаач Леви Вест тэдний насны онцлогоос шалтгаалан эдгээр хүүхдийг зөвхөн гэмт хэрэгтэн төдийгүй өөрсдөө золиос болсон гэж үзэж болох тул эрх баригчдад хариу арга хэмжээ авахад хүндрэл үүсгэж буйг онцоллоо. Тэрээр алгоритмаас гадна Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы сөрөг үр дагавар, дэлгэцийн хамаарал зэрэг суурь хүчин зүйлийг эцэг эх, сургуулиуд анхаарах ёстойг дурдаад, 'Бид зөвхөн баривчилж шийтгээд энэ асуудлаас бүрэн гарч чадахгүй' хэмээн байр сууриа илэрхийлэв.

Өмнөд Австрали болон бусад мужид шалгагдаж буй өсвөр насныхны олонх нь аутизм, суралцах бэрхшээл зэрэг нийгмийн болон эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан нь тогтоогдсон. Энэ нь тэд үйлдсэн хэргийнхээ хор уршгийг бүрэн ухамсарлаж байсан эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Шинжээч Дебра Смит 12, 13, 14, 15 настай хүүхдүүдийн тархины хөгжлийг харгалзан үзэж, тэднийг эртнээс 'террорист' гэж цоллон шоронд хорихоос илүүтэй, хүчирхийллийн бус арга замаар залруулан дэмжлэг үзүүлэх тогтолцоо чухал гэдгийг онцоллоо.

The Guardian AustraliaThe Guardian Australia · Эх сурвалж