Өмнөд Солонгост саяхан болсон татварын нягтлан бодогчийн мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан Хан Вон Сок шалгалтын үеэр хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэрбээр өмгөөлөгч Ли Дон Хугийнхаа Юүтүб сувгаар дамжуулан ням гарагт мэдэгдэл хийж, олон нийтээс уучлалт гуйжээ.
Хан Вон Сок өмнө нь хуулсан гэх хардлагыг эрс няцааж байсан ч ер бусын өндөр оноо нь олон нийтийн анхаарлыг татаж, шалгалтыг тойрсон маргаан дагуулсны дараа байр сууриа өөрчилсөн байна. Тэрбээр шалгалтын явцад камер болон үүсгэгч хиймэл оюун ашигласан болохоо илчилжээ. Мэдэгдэлдээ, 'Би татварын нягтлан бодогчийн шалгалтад хуулсан нь үнэн. Миний гаргасан буруу үйлдэл маш олон хүнд хохирол учруулсанд чин сэтгэлээсээ хүлцэл өчье' хэмээн өгүүлсэн байна.
Түүний шалгалтын дүн анхнаасаа сэжиг төрүүлээд байв. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан шалгалтын нэгдүгээр шатанд 160 асуултаас 159-д нь зөв хариулж, 400 онооноос 397.5 оноо авчээ. Үүнээс гурван сарын дараа болсон хоёрдугаар шатны бичгийн шалгалтад 800 онооноос 663 оноо авснаар нийт дүнгээр шалгалтыг тэргүүлэгчээр тодорсон байна.
Ийнхүү хэт өндөр амжилт үзүүлсэн нь цахим орчинд хууран мэхэлсэн байж болзошгүй гэх хардлагыг өдөөсөн юм. Хан Вон Сок анхандаа хиймэл оюун бүхий төхөөрөмж ашигласан гэх шүүмжлэлийг үгүйсгэж байсан ч эцэст нь өөрийн үйлдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.


