Их Британид менингит В халдвараас хамгаалах нэг удаагийн дархлаажуулалтын аян өрнөж байгаа ч хамрагдах ёстой 18 болон 19 насны залуусын дөнгөж 28.2 хувь нь эхний тунгаа хийлгээд байна. Энэ оны эхээр Кент, Дорсет болон Беркшир бүс нутгуудад менингитийн халдвар дэгдэж, гурван хүн нас барснаас гадна эдгэрсэн зарим хүмүүст насан туршийн эрүүл мэндийн хүндрэл үлдсэн юм. Үүний улмаас Британийн засгийн газар залууст зориулан тус бактерийн ихэнх омгоос сэргийлэх хоёр тунт вакцины хөтөлбөрийг өнгөрсөн зургаадугаар сард зарласан билээ.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн (UKHSA) тархвар судлаач эмч Шамез Ладхани залуусыг хоёр тунд бүрэн хамрагдах хугацаа бага үлдсэнийг анхааруулав. Тэрбээр 'Эхний тунг тариулах эцсийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Хичээлийн улирал дуусахыг хүлээлгүй, мөн Зул сарын болон баярын өдрүүдийн үймээнд марталгүйгээр эмнэлэгт яаралтай цаг товлож хамрагдахыг хүсэж байна' хэмээн уриаллаа.
Оксфордын Вакцин судлалын төвийн захирал, профессор Эндрю Поллард уг дархлаажуулалтын идэвх тун сул байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр 'Вакцин бүх тохиолдлыг бүрэн зогсоож чадахгүй ч маш үр дүнтэй хэвээр байгаа. Бидэнд залуусыг хамгаалах боломж байсаар атал сэргийлэх боломжтой ганц ч гэсэн тохиолдол гарвал энэ нь том эмгэнэл болно' гэдгийг онцоллоо.
Энэхүү вакцин нь дор хаяж 28 хоногийн зайтай хийгдэх хоёр тунгаас бүрддэг. Харин хоёр дахь тунг 2027 оны гуравдугаар сарын 31 хүртэл хийлгэх боломжтой гэж агентлагаас мэдэгджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эхний тунгаа хийлгэсэн 18, 19 насныхны бараг 70 хувь нь хоёр дахь тунгаа аль хэдийн авсан байна.
Дархлаажуулалтад 2007 оны есдүгээр сарын 1-нээс 2008 оны наймдугаар сарын 31-ний хооронд төрсөн бүх залуус, мөн энэ намар анх удаа их сургууль эсвэл дотуур байртай коллежид элссэн 25 хүртэлх насны залуус хамрагдах боломжтой. UKHSA-ийн тайлбарласнаар оюутны хотхонд амьдарч буй шинэ оюутнууд их сургуульд суралцаагүй үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад халдвар авах эрсдэл долоо дахин өндөр байдаг аж. Дотуур байрны нийтийн амьдрал, үдэшлэг болон өргөн хүрээний хүрээлэл нь бактери тархах гол нөхцөл болдог байна.
Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн багш Элиза Гил менингит В-ийн ид дэгдэлтийн үе арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг болохыг санууллаа. Тэрбээр залуус өвлийн оргил ачааллын өмнө дархлаа тогтоож амжихгүй бол өвчлөлөөс сэргийлэх энэхүү хөтөлбөрийн үр дүн мэдэгдэхүйц суларна гэдгийг тайлбарлав.
Нөгөө талаас Саутхэмптоны их сургуулийн дэд профессор Майкл Хэд арванхоёрдугаар сарын 31-ний хугацааг дахин эргэж харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 'Менингитийн эрсдэл нэгдүгээр сарын 1-нд гэнэт алга болохгүй, оюутнууд хичээлийн танхим болон бусад газарт үргэлжлүүлэн бөөгнөрнө' гэж тэрбээр хэлсэн юм. Түүнчлэн 'Meningitis Now' буяны байгууллага болон Оюутны үндэсний холбоо өсвөр үеийнхнийг уг вакцинд тогтмол хамруулдаг журамтай болохыг дэмжиж байна. Британийн Үндэсний эмийн сангуудын холбооны гүйцэтгэх захирал Хенри Грегг уг халдварын аюулаас сэргийлэхийн тулд нэг удаагийн арга хэмжээ бус, жил бүрийн байнгын компанит ажил зохион байгуулах нь үр дүнтэйг уриаллаа.


