Миний тохиргоо

Цахим орчин дахь эмэгтэйчүүдийг үзэн ядах үзлийг нийгмийн эрүүл мэндийн асуудалд тооцохыг уриалав

Цахим орчин дахь эрэгтэйчүүдийн давамгайллыг сурталчлах бүлгүүд болон эмэгтэйчүүдийг үзэн ядах үзлийг тамхи тадалт, таргалалттай нэгэн адил нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд тооцох шаардлагатай гэж Их Британийн шинжээчид үзлээ. 'Lancet' сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд засгийн газар, сургууль, эрүүл мэндийн байгууллага, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурласан нэгдсэн хариу арга хэмжээ авах хэрэгтэйг онцолсон байна.

Тус тайланд 'manosphere' буюу эрчүүдийн цахим сүлжээг эрэгтэйлэг чанар, эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэл, эрчүүд хохирч байна гэх нийтлэг итгэл үнэмшлээр нэгдсэн арилжааны экосистем гэж тодорхойлжээ. Энэхүү сүлжээ нь эрчүүдийн асуудлыг нийгмийн бүтцийн доголдлоос бус феминизмээс үүдэлтэй мэт харуулж, уур хилэн, гомдол дээр дөрөөлөн ашиг олдог салбар болон хувирсан байна.

Судалгааг хамтран бичсэн 'Global 50/50' судалгааны төвийн үүсгэн байгуулагч, профессор Кент Бьюсийн тайлбарласнаар, энэ нь нийгмийн захад байдаг жижиг үзэгдэл биш, харин хэт туйлширсан агуулгыг хөхиүлэн дэмждэг бизнесийн загвар юм. Тэрбээр 'Хөвгүүд, эрчүүд өөрсдөө асуудал биш. Харин тэднийг ганцаардал, ирээдүйгүй байдалд түлхэж буй нөхцөл байдал болон тэдний айдас, уур хилэнгээр хөлжиж буй компаниуд гол асуудал' хэмээн мэдэгдлээ.

Мөн дэлхий даяар хөвгүүдийн боловсролоос хөндийрөх байдал нэмэгдэж, ганцаардал, санхүүгийн бэрхшээл, нийгмээс тусгаарлагдах үзэгдэл газар авч байгааг шинжээчид тэмдэглэв. Энэхүү сул талыг цахим бүлгүүд ашиглан амьдралын бэрхшээлийг хялбарчлан тайлбарлаж, эмэгтэйчүүдийг буруутгах хандлагыг өдөөдөг байна. Судлаач Сара Хоуксийн цохон тэмдэглэснээр зөвхөн хориглох арга хэмжээ хангалтгүй бөгөөд хөвгүүдэд нийгэмд байр сууриа олох бодит гарц, илүү дээр хувилбарыг санал болгох шаардлагатай байна.

Эрчүүд ба хөвгүүдийн бодлогын судалгааны төвийн захирал Марк Брүүкс уг судалгааг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр энэ асуудалд бүх эрэгтэйчүүдийг буруутгахаас илүүтэйгээр тэднийг ийм контент руу түлхэж буй боловсрол, соёл, эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан үзэж, эрсдэлд хамгийн их өртөж буй хэсгийг тодорхойлох нь чухал гэдгийг онцолсон байна.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж