Миний тохиргоо

Казахстан хөрс нөхөн сэргээсэн талбайн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэв

Казахстан улс нөхөн сэргээсэн газрынхаа хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Тус улс нийт нутаг дэвсгэрийнхээ гурав орчим хувь буюу 8.13 сая га газрыг нөхөн сэргээх санаачилгад хамруулсныг НҮБ-ын агентлагуудаас гаргасан 'Байгалийн эргэн ирэлт' нэртэй анхны дэлхийн тайланд дурджээ.

Энэхүү тайланг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Биологийн олон янз байдлын тухай конвенцын нарийн бичгийн дарга нарын газар хамтран бэлтгэсэн байна. Жагсаалтыг 127.4 сая га талбайг сэргээсэн Хятад улс тэргүүлсэн бол Монгол Улс 12.18 сая га талбайгаар хоёрдугаар байрт орсныг тус улсын Хөдөө аж ахуйн яам арваннэгдүгээр сарын 12-нд мэдээлэв.

Казахстан нөхөн сэргээх ажлаас гадна хөрсний төлөв байдлыг цахим хэлбэрээр хянах, доройтсон хөдөө аж ахуйн газрыг тогтоох болон газрын баялгийг тогтвортой удирдах чиглэлд хүчин чармайлт гаргаж байна. Тухайлбал, газрын доройтлын цахим зураглалд 114 сая га талбайг хамруулсан бөгөөд судалгаагаар 2.7 сая га талбай бүхий хөдөө аж ахуйн газар доройтсоныг тогтоожээ. Ингэснээр хөрсийг хамгаалах болон сэргээх ажлыг эн тэргүүнд хийх шаардлагатай байршлуудыг нарийвчлан тодорхойлсон байна.

Түүнчлэн хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд тус улс долоодугаар сарын 8-нд Хөрс хамгаалах тухай хуулийг баталжээ. Энэхүү хуулиар хөрсний чанарыг үнэлэх, хамгаалах, нөхөн сэргээх эрх зүйн механизмыг бүрдүүлсэн юм. Одоогийн байдлаар Хөдөө аж ахуйн яам болон орон нутгийн захиргааны байгууллагууд хөрс хамгаалах бүсчилсэн төлөвлөгөөг боловсруулж, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, хөрсний үржил шимийг урт хугацаанд хадгалах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж