Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба буюу NHS-ийн удирдлагууд Англи даяар эх баригчдын удирдлагатай төрөх төвүүдийг олноор хааж байгаа нь эмэгтэйчүүдийн өөрийн хүслээр төрөх эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж салбарын мэргэжилтнүүд болон эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Англид 2019 оноос хойш нийт 12 эх барих төв бүрмөсөн үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд үүний зургаа нь Хөдөлмөрийн нам 2024 оны долоодугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш хаагджээ. Ийм төвүүд нь эхчүүдэд их эмчийн хяналттай эмнэлэгт, эсвэл эх баригчийн тусламжтай төвд, эсхүл гэртээ амаржих сонголтыг олгодог гол түшиц байв.
Үүнээс гадна дөрвөн ч төв түр хугацаагаар хаагдсан нэртэйгээр зургаан жил хүртэл хугацаанд ажиллаагүй тул цаашид дахин нээгдэхгүй байх гэсэн болгоомжлол үүсээд байна. Мөн барилга байгууламжийн элэгдэл, эвдрэлээс шалтгаалан хоёр төв хаагдсан бөгөөд шинэ байр ашиглалтад орох хүртэл олон жилээр сул зогсох төлөвтэй байна. Түүнчлэн Англи, Уэльсийн нутагт гэрийн төрөлтийн үйлчилгээг 14 сар хүртэл хугацаагаар зогсоож байгаа нь эхчүүдийн сонголтыг улам хумьж байгаа юм.
Эдгээр цуврал хаалт, зогсолт нь NHS-ийн систем дэх эх баригч нарын хомсдол, төрөлтийн түвшин буурсан явдал, төрөлтийн хүндрэл нэмэгдсэн болон кесар хагалгааны эзлэх хувь өссөнтэй шууд холбоотой аж. Орон нутагт төрөх үйлчилгээ тасалдсанаар эмэгтэйчүүд төрөхийн тулд хол зам туулах, хувийн эх баригчид өндөр төлбөр төлөх, эсвэл мэргэжлийн тусламжгүйгээр гэртээ амаржих эрсдэлд орж байгааг Их Британийн Эх баригчдын хааны коллеж анхаарууллаа.
Сүүлийн саруудад бүрмөсөн хаагдсан төвүүдэд зүүн Ланкаширын Россендейл, хойд Лондоны Эдгвер, Лестерширийн Мелтон Моубрей, Стаффордширийн Стаффорд болон Личфилд, мөн баруун Йоркширийн Понтефракт дахь төвүүд багтаж байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд үүнийгээ аюулгүй ажиллах боловсон хүчний хүрэлцээгүй байдалтай холбон тайлбарлаж буй юм.
Йоркшир дахь Хаддерсфилдийн эх барих төв 2020 оны арваннэгдүгээр сард цар тахлын улмаас түр хаагдсан ч өнөөг хүртэл эргэн нээгдээгүй байна. Үүнтэй адилаар Солфорд хотын Инглсайд төв 2022 оны нэгдүгээр сараас хойш, зүүн Сассексийн Крауборо дахь төв 2025 оны аравдугаар сараас эхлэн боловсон хүчний дутагдлаар түр үйл ажиллагаагаа зогсоожээ. Эмэгтэйчүүд амаржихын тулд 90 минут хүртэл зам туулахад хүрч, хүндрэл гарах эрсдэл нэмэгдэж буйд орон нутгийн иргэд болон парламентын гишүүд эсэргүүцэл илэрхийлсээр байна.
Цаашид Английн хэмжээнд төрөх тасгийн аюулгүй байдлыг хангах үүднээс төв эмнэлгүүдийн 20 орчим томоохон төрөх тасгийг нэгтгэн хааж болзошгүйг салбарын удирдлагууд сануулав. Харин Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулахад боловсон хүчнийг бэхжүүлэх нь гол зорилт бөгөөд сүүлийн нэг жилд тус албанд 600 гаруй эх баригч шинээр нэмэгдсэн хэмээн мэдээлсэн байна.


