Ромын пап Лео XIV Латин Америкийн гурван оронд хийж буй айлчлалынхаа сүүлчийн цэг болох Перу улсад хүрэлцэн очиход нутгийн иргэд өргөн дэлгэр угтан авав. Уушгины хавдрын мэс засалд ороод хэдхэн долоо хонож буй 71 настай тэргүүн хамба өмнө нь Уругвай, Аргентин улсуудад айлчилсан юм. Лима хотын төв талбайд цугласан иргэд туг далбаа намируулан, төрийн тэргүүний хөлөглөсөн онгоц газардах үеэр баярын уухай хадаалаа.
Ватиканы мэдээлснээр Лима хотод нийт гурван сая хүн папыг угтсан нь түүний хамбын алба хаших хугацаан дахь хамгийн олон хүн цугласан дээд амжилт болов. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Буэнос-Айрес хотод зохион байгуулсан задгай талбайн мөргөлд 2.5 сая орчим хүн оролцож байжээ. АНУ-ын Чикаго хотод төрсөн тэрбээр дэлхийн 1.4 тэрбум католик шашинтнуудыг тэргүүлэхээсээ өмнө Перуд номлогч санваартан, хамба лам зэрэг албыг 20 жил хашиж, тус улсын иргэншил авсан түүхтэй.
Тэрбээр Лимагийн Үндэсний их театрт үг хэлэхдээ энэхүү эргэн ирэлт нь өөрт нь гүн утга учиртай болохыг онцлоод, чин сэтгэлийн талархал дүүрэн өөрийн эх орондоо ирснээ илэрхийлэв. Перугийн тал энэхүү айлчлалд зориулан Кальяо хотын далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнд папын 14 метрийн өндөртэй хөшөө босгосон байна. Тэргүүн хамба 2015-2023 онд хамба ламаар нь сууж байсан хойд нутгийн Чиклайо хотод гурав хоног ажиллахаар төлөвлөжээ.
Айлчлалын үеэр пап тус улсын Ерөнхийлөгч Кейко Фүжиморид хандан, энэ оны сонгуулийн ширүүн өрсөлдөөний дараа ард түмнийхээ итгэлийг бэхжүүлэхийг уриалав. Мөн өнгөрсөн үеийн шарх сорвийг даван туулахын тулд шудрага ёс, харилцан хүндэтгэлд суурилан эв нэгдлийг хангах нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч Фүжимори ч папын айлчлал нь үндэсний эвлэрлийг гүйцээхэд чиглэсэн чухал урилга болохыг онцлон хэллээ.
Пап Лео XIV буюу тухайн үеийн хамба Роберт Превост 2017 онд өмнөх Ерөнхийлөгч Альберто Фүжиморид өршөөл үзүүлэх шийдвэрийг шүүмжилж, жинхэнэ эвлэрэлд хүрэхийн тулд хохирогчдоос биечлэн уучлал гуйх ёстой гэж байсан юм. Хүнд хагалгааны дараа хийж буй энэхүү аяллын турш пап биеийн байдал сайн, цовоо сэргэлэн, илтгэлүүдээ тод томруун дуугаар тавьж байна.


