Миний тохиргоо

Австралид түрээсийн үнэ өссөнөөр суурь мэргэжлийн ажилтнууд орон сууцгүй болох эрсдэл нүүрлэлээ

Австрали даяар орон сууцны түрээсийн үнэ огцом нэмэгдэж, нийгмийн суурь салбарт ажилладаг иргэд хувийн түрээсийн зах зээлээс шахагдаж эхэлснийг 'Anglicare' байгууллагын ээлжит тайланд анхаарууллаа. Тус байгууллагаас гаргасан 'Rental Affordability Snapshot' судалгаагаар худалдааны салбарын ажилтан, нийгмийн ажилтан, цэвэрлэгч зэрэг суурь мэргэжилтнүүд зах зээл дээр зарлагдсан нийт түрээсийн байрнуудын нэг хүрэхгүй хувийг л төлбөрийн чадвартаа нийцүүлэн сонгох боломжтой байгаа нь илэрсэн байна.

Сувилагч, багш зэрэг нийгэмд өндөр эрэлттэй, ур чадварын виз болон байнгын оршин суух эрх (PR) авахад голлох байр суурь эзэлдэг мэргэжилтнүүдийн нөхцөл байдал ч мөн хүндэрчээ. Судалгаагаар сувилагч нарт түрээсийн зарын дөнгөж 1.1 хувь, багш нарт 3.3 хувь нь л боломжийн үнэтэй байна. Нийт 48,776 түрээсийн зарыг хамруулан, 16 суурь мэргэжлийн бүтэн цагийн хамгийн бага цалинтай харьцуулахад зөвхөн гурван мэргэжлийн төлбөрийн чадвар өмнөх онтой харьцуулахад өссөн бол үлдсэн 13 мэргэжлийнх улам буурсан эсвэл өөрчлөлтгүй хэвээр үлджээ.

Брисбэн хотын төвд долоо хоногийн 740 австрали долларын түрээстэй байранд нүүж орж буй өрх толгойлсон эх, нийгмийн ажилтан Алли Томпсон орон сууцны төлбөр нь түүний орлогын бараг тал хувийг эзэлж буйг онцлов. Тэрбээр түрээсийн төлбөрөө барагдуулахын тулд зарим эмийн эмчилгээгээ зогсоож, сүүлийн 10 жил шүдний эмчид үзүүлээгүй байна. Томпсон хүүгийнхээ эмчилгээ, сэтгэл зүйн эрүүл мэндийн зардлыг нэгдүгээрт тавьж, өөрийнхөө чухал хэрэгцээг танахаас өөр аргагүй болсноо ярьсан юм.

Баруун Австралийн Олбани хотод гэрийн нөхцөлд хорт хавдартай өвчтөнүүдийг асарч буй, 40 гаруй жилийн туршлагатай сувилагч Сильвиа Лэйн долоо хоногийн 550 долларын түрээсийг хамтрагчийнхаа хамт хуваан төлдөг байна. Энэ нь түүний орлогын гуравны нэг орчим хувийг эзэлж буй бөгөөд амралтаар явах, гадуур хооллох зэрэг зардлаа бүрэн хасаж, зөвхөн орон сууц болон эрүүл мэндийн хэрэгцээгээ ханган амьдарч байгаагаа хуваалцлаа.

Уул уурхайн салбарын эрэлт ихтэй бүс нутгуудад байдал бүр ч хүнд тусч байна. Баруун Австралийн Пилбара бүсийн Каррата хотод Anglicare-ийн шинэ менежерээр томилогдсон Меенааз Адамс найман долоо хоног хайсны эцэст түрээсийн байр арайхийн олжээ. Байгалийн баялгийн томоохон компаниудын эрэлтээс үүдэн тус бүсэд долоо хоногийн дундаж түрээс 1,700 долларт хүрсэн бөгөөд орон сууцны хүсэлтийг гурван ч удаа буцаасан туршлагатай тулгарсан байна. Түүнчлэн Умард нутаг дэвсгэрт үйлчилгээ, зочлох үйлчилгээний салбарын ажилтанд тохирох хямд үнэтэй түрээсийн байр зах зээлд огт байхгүй байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгийн 'Cotality' байгууллагын тоо баримтаар сүүлийн таван жилийн хугацаанд Австралид нийтийн орон сууцны (unit) түрээс 44.3 хувиар, харин хувийн байшингийн түрээс 36.6 хувиар тус тус өсжээ. Гэтэл энэ хугацаанд ажилтнуудын цалингийн өсөлт түрээсийн өсөлтийн тал хувьд ч хүрээгүй байна. 'Anglicare Australia' байгууллагын гүйцэтгэх захирал Кэси Чемберс сүүлийн 40 жилийн турш засгийн газрууд нийгмийн орон сууц барих санхүүжилтийг зогсоож, зөвхөн хувийн хэвшилд хэт найдаж ирсэн нь энэхүү хямралын гол шалтгаан болсон гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр суурь мэргэжлийн ажилтнуудыг дэмжихийн тулд холбооны засгийн газраас нийгмийн болон хямд өртөгтэй орон сууцны нийлүүлэлтийг яаралтай нэмэгдүүлэхийг уриалав.

ABC News AustraliaABC News Australia · Эх сурвалж