Миний тохиргоо

Казахстан, CAREC-ийн орнуудын худалдааны эргэлт 8.8 тэрбум ам.долларт хүрч өслөө

Казахстан улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) хөтөлбөрт багтдаг орнуудтай хийсэн худалдааны эргэлт 2025 онд 8.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 14.4 хувиар өссөн байна. Энэ тухай тус улсын Шадар сайд бөгөөд Үндэсний эдийн засгийн сайд Серик Жумангарин Алматы хотод зохион байгуулагдсан Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хоёрдугаар Тянь-Шань форумын нээлтийн үеэр мэдэгдлээ.

Сайдын мэдээлснээр, 2005 оноос хойш тус улсын эдийн засагт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум ам.долларыг давжээ. Тэрбээр бүс нутгийн худалдааг өргөжүүлэх, тээвэр логистикийн холбоог бэхжүүлэх, чанартай хөрөнгө оруулалт татах явдлыг CAREC хөтөлбөрийн хүрээн дэх гол тэргүүлэх чиглэл хэмээн онцлов.

Түүнчлэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна саад хоригийг тууштай арилгах, журмыг хөнгөвчлөх, цахим худалдааг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийн хөрш орнуудын зах зээлд нэвтрэх боломжийг тэлэх нь нийтлэг зорилт болохыг тэмдэглэлээ. Үүний тулд тээврийн коридорын хүчин чадлыг сайжруулж, төмөр зам, авто замын дэд бүтцийг шинэчлэн, олон төрөлт тээврийг хөгжүүлж байгаа аж. Хил дамнасан ачаа тээврийг хялбарчлахын тулд системийн нийцтэй байдлыг хангах, бичиг баримт бүрдүүлэлтийг цахимжуулах шаардлагатай байгааг тэрбээр нэмж дурдлаа.

Өнөөдрийн байдлаар Казахстанаас CAREC-ийн орнуудад оруулсан хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллароос давсан байна. Мөн тус улсад бүс нутгийн орнуудын 28,000 гаруй компани, 2,500 гаруй хамтарсан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа тоо баримтыг танилцууллаа. Цаашид шинэ үйлдвэр барих, орчин үеийн технологи нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай тээвэр логистик, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, цахим дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Алматы хотноо 11 дүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус форумд CAREC-ийн гишүүн орнуудын засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллага, бизнесийн төлөөлөл, шинжээчид зэрэг 400 орчим төлөөлөгч оролцож байна. Энэхүү арга хэмжээг CAREC хүрээлэн болон Казахстаны Үндэсний эдийн засгийн яам хамтран зохион байгуулж, Азийн хөгжлийн банк стратегийн түншээр ажиллаж байна.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж