Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев аравдугаар сарын 28-ны өдөр ард түмэндээ хандан тавьсан илгээлтдээ дэд бүтцийг өргөн хүрээнд шинэчлэх төлөвлөгөөгөө зарлав. Тэрбээр 2029 он хүртэл Үндэсний сангаас ойролцоогоор 6.5 их наяд тенге буюу 14.2 тэрбум ам.долларыг эмнэлэг, сургууль, зам тээвэр, нийтийн аж ахуйд хуваарилахаар тусгажээ. Мөн 2027 оныг бүх нийтийн бүтээн байгуулалтын жил болгон зарлах санаачилга дэвшүүлж, улс орон хөгжлийн шинэ эргэлтийн үедээ орж байгааг тэмдэглэсэн юм.
Санхүүгийн шинжээч Андрей Чеботарев энэхүү бүтээн байгуулалтыг зөвхөн авто зам, логистикийн төв барихаас хальсан, эдийн засаг болон нийгмийг бүхэлд нь шинэчлэх боломж гэж тодорхойлов. Түүний үзэж буйгаар томоохон төслүүд нь ажлын байр олноор бий болгож, технологийн хурдацтай өөрчлөлтийн үед шинэ боломжуудыг нээх давуу талтай юм. Шинжээчид төрийн байгууллагын чадавх болон иргэний үүрэг хариуцлагыг бэхжүүлэхэд энэ ажил чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Казахстаны Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Ольга Калдыбаева зөвхөн дэд бүтэц өргөжүүлэх нь амьдралын чанарыг сайжруулахад хангалтгүй бөгөөд хот төлөвлөлт, хүний капиталын хөрөнгө оруулалттай нягт уялдаатай байх ёстойг онцлов. Тус улсын Үндэсний статистикийн товчооны есдүгээр сарын 1-ний мэдээгээр хотын хүн ам 13.2 саяд хүрч, нийт хүн амын 64.2 хувийг эзлэх болжээ. Мөн Алматы, Астана, Шымкент хотууд 2025 онд улсын нийт ДНБ-ий 38.7 хувийг дангаараа бүрдүүлж байгааг шинжээч тодотгов.
Ерөнхийлөгчийн илгээлтэд тусгасан ураны стратегийн нөөц бүрдүүлэх санал нь шинжээчдийн дунд маргаан дагуулав. Энэхүү нөөц нь ирэх зуунд баригдах атомын цахилгаан станцуудын түлшний тогтвортой байдлыг хангах зорилготой юм. Гэвч 'PACE Analytics'-ийг үндэслэгч Аскар Исмаилов 2022 онд Атырау мужид газрын тосны том агуулах барих төлөвлөгөөг эдийн засгийн хувьд ашиггүй гэж Эрчим хүчний яам болон 'КазМунайГаз' компани цуцалж байсныг сануулж, ураны нөөцийн төсөл ч мөн ийм шалтгаанаар хойшлогдож магадгүйг анхааруулав.
Улс төрийн шинжээч Газиз Абишев илгээлтийн өөр нэг гол сэдэв нь нийгмийн шударга ёс болон татварын шинэчлэл байсныг цохон тэмдэглэв. Төрийн тэргүүн халамжийн хуваарилалтыг эргэн харж, чинээлэг иргэдэд ногдуулах татварын дарамтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Абишевын хэлснээр газрын тосны орлого буурч, төсвийн ачаалал нэмэгдэж байгаа тул зарлагыг танаж, зөвхөн бодит тусламж хэрэгтэй иргэдэд халамжийг чиглүүлэхээс өөр аргагүй болоод байна.
Түүнчлэн чинээлэг хэсгээс ахиулан татвар авах асуудлыг Токаев 2019 онд анх хөндөж байсан бөгөөд Франц, Герман зэрэг улсуудын туршлагаар шаталсан татварын тогтолцоо руу шилжих саналыг Абишев дэмжиж байна. Нөгөө талд Нийгмийн хөгжлийн хүрээлэнгийн шинжээч Анастасия Матюх эдийн засгийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд боловсрол, мэргэжлийн ур чадварыг сайжруулж, ёс зүйтэй, хариуцлагатай иргэдийг бэлтгэх шаардлагатайг санууллаа.


