Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотын 'Výstaviště Praha' үзэсгэлэнгийн төвд арваннэгдүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд 'Prague Music Week' дөрөв дэх удаагийн чуулга уулзалт болно. Уг арга хэмжээ нь уран бүтээлчид, хөгжмийн салбарын мэргэжилтнүүд болон шүтэн бишрэгчдийг нэгтгэсэн томоохон цугларалт болох юм.
Энэ жилийн арга хэмжээ 'Салбарыг тодорхойлогч эмэгтэйчүүд' сэдвийн дор өрнөх бөгөөд уран бүтээлч Анета Лангерова, Яна Киршнер нартай хийх ярилцлагууд гол хөтөлбөрт багтжээ. Мөн дуучин Бен Кристовао хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөгжмийн өсөлтийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлэгт оролцохоор болсон байна.
Олон улсын зочдоос пи-ар мэргэжилтэн Фиона Блум, 'Sziget' наадмын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Адам Кисс, олон талт байдлын шинжээч Брехье Мерккс болон 'Spotify' компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Түүнчлэн Финландын хөгжмийн мэргэжилтэн Майя Талвисто, хөгжмийн дата шинжээч Кристин Осазува, 'Viberate' платформыг хамтран үүсгэн байгуулагч Васья Вебер, Европын Олон улсын фонограммын үйлдвэрлэлийн холбооны (IFPI) гүйцэтгэх захирал Кристина Янушаускайте нар чуулганд оролцохоо батлаад байна.
Чуулганы үеэр 2000 метр квадрат талбайд технологийн үзэсгэлэн дэлгэгдэж, салбарын шинэ дэвшил, бүтээгдэхүүнийг танилцуулна. Оролцогчид бодит туршилт хийх лабораториор зочилж, хөгжмийн арга хэмжээ зохион байгуулахад ашигладаг орчин үеийн технологитой танилцахын зэрэгцээ туршлага солилцох, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх өргөн боломж бүрдэх юм.


