Миний тохиргоо

Герман цөмийн хаягдал булшлах байршил хайж байна

Цөмийн цахилгаан станцаас гарах цацраг идэвхт хаягдлыг аюулгүй булшлах нь дэлхийн цөмийн эрчим хүч ашиглагч улсуудын хувьд шийдэгдээгүй томоохон асуудал хэвээр байна. ЗХУ-д 1954 онд анхны томоохон цөмийн станц ашиглалтад орсноос хойш дэлхийн 31 улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэсэн ч энэ асуудлыг бүрэн шийдсэн улс бараг байхгүй байв. Харин Финланд улс баруун эрэгтээ газрын 400 метрийн гүнд цөмийн хаягдлын агуулах байгуулах зөвшөөрөл олгосноор дэлхийд анхдагч болсон бөгөөд уг төсөл 40 орчим жил үргэлжилжээ.

Герман улсын хувьд энэ чиглэлээр байгуулсан Цацраг идэвхт хаягдлыг булшлах холбооны компани (BGE) сүүлийн арван жилийн турш хаягдал булшлах тохиромжтой байршлыг хайж байна. Мэргэжилтнүүд цөмийн шатсан түлш зэрэг олон мянган жилийн турш цацраг ялгаруулах аюултай хаягдлыг газрын гүнд л хадгалах ёстой гэдэгт санал нэгддэг. Тус улс эцсийн цэгийг 2050 он гэхэд сонгохоор төлөвлөж байгаа ч Хүрээлэн буй орчны сайд Карстен Шнайдер хайлтын үйл явцыг түргэтгэх боломжийг судалж эхэлжээ.

Засгийн газрын төлөөлөгч Стефан Габриэль Хауфе мэдэгдэхдээ Орос, АНУ, Их Британи, Япон зэрэг орнууд энэ чиглэлээр Германы хэмжээнд хүртэл ахиц гаргаагүй байгааг онцлов. Түүний хэлснээр Финланд дэлхийд хамгийн хурдан урагшилж байгаа бол Герман мөн тэргүүлэгч орнуудын тоонд багтаж байна. Энэ долоо хоногт BGE байгууллага Германы 16 мужийн 11-ийг хамарсан нийт газар нутгийн ердөө 5 хувь нь эцсийн шалгаруулалтад авч үзэх боломжтой бүсээр үлдсэнийг зарлалаа.

Герман улс 2011 онд Японы Фукушимагийн цөмийн осол гарсны дараа цөмийн эрчим хүчнээс үе шаттай татгалзах шийдвэр гаргаж, 2023 онд хамгийн сүүлийн реактороо зогсоосон юм. Одоогоор цацраг идэвхт хаягдлууд ашиглалтаас гарч буй 19 цөмийн станц болон судалгааны байгууламжуудын дэргэдэх түр хадгалах байруудад хадгалагдаж байна. Хэдийгээр эрчим хүч үйлдвэрлэхээ больсон ч олон арван жилийн турш бий болсон аюултай хаягдлыг Германы нутаг дэвсгэрт бүрмөсөн байршуулах шаардлагатай хэвээр үлджээ.

BGE-ийн төлөөлөгч Дагмар Дэхмерийн онцолсноор тус агуулах нь Финландад 100 мянган жил, харин Герман, Швейцар, Франц зэрэг оронд нэг сая жилийн турш аюулгүй байдлыг хангах шалгууртай байх ёстой. Үүний тулд 400 метрийн гүний чулуулаг хөрс бат бөх байх, гүний усыг бохирдуулахгүй байх шаардлага тавигдаж байна. Шавар, боржин, чулуун давс зэрэг байгалийн 100 метрийн зузаан чулуулгийн давхарга бүхий хамгаалалттай геологийн тогтоц хайж байгаа тул тохирох газрын тоо улам бүр цөөрч байгаа юм.

Энэхүү ажил нь асар өндөр өртөгтэй бөгөөд зөвхөн байршил хайх, түр хадгалах ажилд жилд 1.4 тэрбум евро буюу 1.6 тэрбум ам.доллар зарцуулагдаж байна. Шинжээчдийн тооцоолсноор эцсийн агуулахыг барьж дуусгахад нийт 14 тэрбум евро буюу 16.4 тэрбум ам.доллар шаардагдах төлөвтэй байна. Төлөвлөгөө ёсоор 28 мянган шоо метр цацраг идэвхт хаягдлыг газрын гүнд үүрд байршуулах юм.

Deutsche Welle GermanyDeutsche Welle Germany · Эх сурвалж