Миний тохиргоо

Солонгосын дайнаар хагацсан гэр бүлийн гишүүд гуравдагч оронд анх удаа уулзлаа

1950-1953 оны Солонгосын дайнаар хагацсан гэр бүлийн хоёр гишүүн өнгөрсөн есдүгээр сард гуравдагч оронд анх удаа биечлэн уулзсаныг Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мэдээллээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үед өмнөд хөрштэйгөө хийх яриа хэлэлцээнээс татгалзаж, хоёр талын харилцааг 'бие биедээ дайсагнагч хоёр улс' хэмээн тодорхойлсноор Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд буй энэ үед уг уулзалт тохиосон нь онцгой үйл явдал болж байна.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажил таван сарын өмнө эхэлжээ. Өмнөд Солонгост суугаа Умард Солонгосын нэгэн дүрвэгчээр дамжуулан умардад байгаа иргэн өмнөдөд үлдсэн нагац ахаа хайж буй хүсэлтийг Нэгдлийн яаманд хүргүүлсэн байна. Хоёр Солонгосын асуудлыг хариуцдаг тус яам хагацсан гэр бүлийн бүртгэлийн сангаас хайлт хийхэд хайж байсан нагац ах нь аль 30 жилийн өмнө нас барсан байжээ. Иймд албаныхан түүний үр хүүхдүүдтэй холбогдохоор эрэл сураг гаргаж, Сөүл хотын ойролцоох Кёнги мужид амьдардаг 65 настай үеэл дүүтэй нь холбоо тогтоосон байна.

Өмнөд Солонгост амьдардаг үеэл нь Умард Солонгос дахь хамаатантайгаа холбогдохыг дуртайяа зөвшөөрсөн бөгөөд талийгаач эцэг эх нь насан эцэслэх хүртлээ хойд нутагт үлдсэн ах дүүстэйгээ уулзахыг хүсэж байсныг дурджээ. Тэд эхлээд гар утасны мессежээр харилцаж байгаад есдүгээр сард гуравдагч оронд биечлэн уулзсанаар хагацсан гэр бүлийн хоёр дахь үеийн төлөөллүүд ийнхүү учран золгосон байна. Харин Умард Солонгосын иргэн гуравдагч оронд хэрхэн зорчиж очсон талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Энэхүү үйл явдал нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хувийн шугамаар зохион байгуулагдаж, Өмнөд Солонгосын Засгийн газарт бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна. Ихэнхдээ өмнөдөд амьдардаг иргэд зуучлагчаар дамжуулан умардад буй төрөл төрөгсдөө хайдаг байсан бол энэ удаагийнх умардаас эхэлж холбогдон, Өмнөд Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтсэнээрээ онцлог юм. Солонгосын дайн энхийн гэрээгээр бус түр эвлэрэх хэлэлцээрээр өндөрлөсөн тул хоёр улс олон улсын эрх зүйн хувьд өнөөг хүртэл дайны байдалтай хэвээр тооцогддог. Хоёр орны хил хаалттай төдийгүй энгийн иргэдийн дунд шуудан, утас болон бусад шууд харилцаа холбоо огт байдаггүй билээ.

Өмнө нь Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчид 'Чүсок' зэрэг томоохон баярын үеэр төрийн дэмжлэгтэйгээр түр зуурын уулзалтуудыг зохион байгуулдаг байв. Хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сард, хоёр улсын харилцаа түр дулаарах үеэр Кымган ууланд төрийн түвшний уулзалт болсон түүхтэй. Тэр оны хоёрдугаар сард Пёнчаны өвлийн олимпод Умард Солонгос тамирчдаа илгээж, Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид нээлтийн ажиллагаанд оролцож байв.

Хагацсан гэр бүлүүдийн асуудал нь хүмүүнлэгийн маш тулгамдсан сэдэв хэвээр байгаа бөгөөд бүртгэлтэй амьд сэрүүн байгаа иргэдийн гуравны хоёр орчим хувь нь 80 буюу түүнээс дээш настай тул хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө садан төрөлтэйгөө уулзахыг хүсэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Өмнөд Солонгосоос нийт 134,848 иргэн хойдод үлдсэн гэр бүлээ хайхаар бүртгүүлснээс өдгөө дөнгөж 32,948 нь л амьд сэрүүн байна гэсэн мэдээллийг холбогдох яамнаас гаргажээ.

Хувийн шугамаар хийсэн уулзалтууд 2003 онд оргил үедээ хүрч, 283 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд долоо, 2017, 2018, 2019 онуудад тус бүр нэг л удаа зохион байгуулагджээ. Ковид-19 цар тахлын улмаас хилээ хааж, харилцаа тасарсан 2020-2023 онд нэг ч уулзалт болоогүй юм. Үүний дараа 2024 оны аравдугаар сард гадаадад суугаа 80 гаруй настай Өмнөд Солонгосын нэгэн иргэн байгууллагын тусламжтайгаар Умард Солонгост очиж, зээ дүүтэйгээ уулзсан тохиолдол гарч байжээ.

Korea TimesKorea Times · Эх сурвалж