Миний тохиргоо

Австралийн Аделаида хотод автомашины ослоор явган зорчигч амиа алдав

Австралийн Аделаида хотын хойд хэсэгт орших Солсбери Норт дүүрэгт ням гарагийн өглөө автомашины ноцтой осол гарч, нэг явган зорчигч амиа алдан, өөр нэг иргэн хүнд гэмтлээ.

Өмнөд Австрали мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, өглөөний 10:00 цагийн орчимд Ватерлоо Корнер болон Вайтс замын уулзварт суудлын автомашин замын гэрлэн дохионы шон мөргөж, улмаар зам хөндлөн гарч явсан хоёр хүнийг дайрсан байна. Ослын улмаас нэг явган зорчигч газар дээрээ нас барж, хүнд бэртсэн хоёр дахь иргэнийг эмнэлэгт яаралтай хүргэжээ.

Осол гаргасан 19 настай жолооч залуу биедээ ямар нэг гэмтэл аваагүй бөгөөд цагдаа нар түүнийг өглөөний 11:20 цагт баривчилсан байна. Түүнд аюултай жолоодлогын улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүний жолоодох эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд батлан даалтад гаргаж, ирэх арванхоёрдугаар сарын 14-нд Элизабет хотын шүүхэд дуудахаар болсон байна.

Ослын улмаас тухайн уулзварын хөдөлгөөнийг түр хааж, ослын шалтгаан нөхцөлийг шалгах шинжээчид газар дээр нь ажиллажээ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг харсан гэрчүүд болон хяналтын камер, автомашины бичлэг бүхий иргэдийг мэдээлэл өгөхийг уриалсан байна. Энэ нь Өмнөд Австрали мужийн хэмжээнд энэ он гарсаар зам тээврийн ослоор амиа алдсан 90 дэх тохиолдол болж бүртгэгдлээ.

ABC News AustraliaABC News Australia · Эх сурвалж