Их Британийн эрх баригчид гудамжинд хоноглодог орон гэргүй иргэдийг орон байртай болгох, энэ асуудлыг урт хугацаанд цэгцлэх төсвийг бараг хоёр дахин өсгөж, 900 сая орчим фунт стерлингт хүргэхээр боллоо. Энэ долоо хоногт танилцуулах шинэ төсөвт Засгийн газар нэмэлтээр 432 сая фунт стерлинг хуваарилахаар төлөвлөсөн бөгөөд зул сарын баяр гэхэд гудамжинд хоноглож буй иргэдийг бүрэн орон байраар хангах зорилго тавиад байна.
Энэхүү шинэ төсөв нь Орон сууц, нийгэмлэг, орон нутгийн засаг захиргааны яамнаас 2027 оны гуравдугаар сар хүртэл зарцуулахаар өмнө нь баталсан 442 сая фунт стерлингийн санхүүжилт дээр нэмэгдэж буй хөрөнгө оруулалт юм. Даунинг стритэд зохион байгуулсан уулзалтын өмнө холбогдох удирдлагууд гудамжинд хоноглох явдал бол хүлээн зөвшөөрч эвлэрэх зүйл биш бөгөөд зөвхөн энэ өвлийн түр тусламж бус, энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой үргэлжлэх цогц дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо.
Зул сарын баярын өмнө орон гэргүй хүмүүсийг гудамжнаас гаргах хоёр сарын хугацаатай ажил аль хэдийн эхлээд байна. Тухайлбал, Ковентри хотод мэргэшсэн ажилтнуудын тусгай баг ажиллаж, шинэ түр байрны цэгүүдийг нээсэн бөгөөд ирэх долоо хоногуудад энэхүү хөтөлбөрийг Плимут болон Камден дүүрэг зэрэг бусад бүс нутгуудад өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Өмнө нь Их Манчестер хотын түвшинд 'A Bed Every Night' зэрэг хөтөлбөрийг туршиж, яаралтай байраар хангах арга хэмжээ авч байсан ч гудамжинд хоноглох явдал бүрэн арилаагүй туршлага бий. Тухайн үед зөвхөн нэг бүс нутаг дэмжлэг үзүүлж байсан тул бусад газраас орон гэргүй иргэд Манчестер руу ихээр шилжин ирж байв. Тиймээс энэ удаагийн шинэ санхүүжилт нь улс даяар бүх бүс нутгийг нэгдсэн нэг бодлого, чиглэлд оруулахад чиглэжээ.
Уг асуудлыг шийдвэрлэхэд бизнес эрхлэгчид болон сайн дурын байгууллагууд ч идэвхтэй нэгдэж байна. Тухайлбал, Орон сууцны үндэсний холбоо хоосон байгаа барилга байгууламжуудыг ашиглалтад оруулах замаар 2,000 орчим байр, ор бэлтгэхээр ажиллаж эхэллээ. Түүнчлэн 'Virgin Media O2' компани цахим тусламж үзүүлж байгаа бол хүмүүнлэгийн байгууллагууд 'L'Oréal'-тэй хамтран орон гэргүй иргэдийн эрүүл мэнд, хувийн ариун цэврийг дэмжих үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Орон сууцны сайд Анжела Рэйнер зул сараас өмнө хүн бүрийг аюулгүй байраар хангах амлалтаасаа ухрахгүй гэдгийг илэрхийлж, толгой хоргодох газартай болгох нь эхний алхам бөгөөд цаашид орон гэргүйдлийн үндсэн шалтгааныг арилгахаар ажиллана гэв. 'Shelter' зэрэг буяны байгууллагууд уг санхүүжилтийг сайшаан хүлээн авсан бол сөрөг хүчний Консерватив намын зүгээс татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна хэмээн хүчтэй шүүмжилсэн байна.


