Австралийн Хамтын нөхөрлөлийн Омбудсмен Иэйн Андерсон өндөр настны асаргаа халамжийн тогтолцоонд ашиглаж буй автоматжуулсан систем нь эрсдэлээс хамгаалах хамгаалалтгүй, ахмад настнуудад шударга бус үр дагавар авчирч байна гэж дүгнэв. Тэрээр Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, насжилтын асуудал эрхэлсэн яамны ангиллын алгоритмыг шалгасны эцэст алдаатай шийдвэрийг ахлах үнэлгээчид өөрчлөх боломжийг хуульчлах шаардлагатайг онцоллоо.
Нийт 100 гаруй хуудас бүхий тайланд дурдсанаар, тус яам автоматжуулсан шийдвэр гаргалтын эрсдэлийг тооцоолж, ямар ч бодитой үнэлгээ, дүн шинжилгээ хийлгүйгээр уг алгоритмыг нэвтрүүлсэн нь үндэслэлгүй үйлдэл болжээ. Энэхүү алгоритмыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн өндөр настны салбарын цогц шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд асрамжийн газарт очихгүйгээр гэртээ тусламж үйлчилгээ авах иргэдийн санхүүжилтийн хэмжээг тогтооход ашиглаж байв.
Гэвч уг систем нэвтэрснээс хойш олон зуун иргэн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах хүсэлтийн тоо өмнөх оноос тав дахин нэмэгдсэн байна. Тус яам анх зөвлөх компанийн боловсруулсан алгоритмын хувилбарыг туршсан ч өнөөгийн хэрэглэж буй хувилбарыг өөрсдөө өөрчлөн, хөндлөнгийн ямар ч баталгаажуулалтгүйгээр ашиглаж эхэлсэн нь илэрчээ.
Омбудсмен Иэйн Андерсон нийт 10 зөвлөмж гаргаснаас засгийн газар зургааг нь шууд хүлээн авсан бол хүний оролцоотойгоор шийдвэрийг өөрчлөх тухай хоёр зөвлөмжийг зөвхөн анхааралдаа авсан байна. Түүнчлэн тэрээр Австралийн Үндэсний аудитын газарт хандан алгоритмын асуулга болон нэгдсэн үнэлгээний тогтолцоог шалгаж, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, зүй зохистой зарцуулсан эсэхэд аудит хийхийг санал болгов.
Засгийн газар үнэлгээний байгууллагуудад алгоритмын шийдвэрийг шууд хүчингүй болгох бүрэн эрх олгохоос татгалзаж, харин зөвхөн онцгой тохиолдолд давж заалдах эрхийг баталгаажуулсан хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт баталжээ. Энэхүү зохицуулалтыг эвслийн намуудаар дэмжүүлэхийн тулд холбогдох үнэлгээний системд хяналт шалгалт хийлгэхээр болсон бөгөөд тайлан нь ирэх оны эхний хагаст гарах төлөвтэй байна.
Эрүүл мэнд, насжилтын асуудал эрхэлсэн сайд Марк Батлер болон Ахмад настны халамжийн сайд Сэм Рэй нар Омбудсмений тайланг нягт нямбай судалж, тогтолцоог сайжруулахад анхаарна гэдгээ мэдэгдэв. Одоогийн байдлаар Австралид өндөр настны халамжийн үйлчилгээ авдаг нийт иргэдийн 85 хувь буюу нэг сая гаруй хүн гэрээр үзүүлэх дэмжлэг туслалцааны системд хамрагдаж байна.


