Их Британийн Ерөнхий сайд Энди Бөрнэм тус улс Европын Холбоотой харилцах шинэ бодлогын хүрээнд иргэд харилцан чөлөөтэй зорчих журмыг эргэн сэргээх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв. Тэрбээр 'Sunday Times' сонинд өгсөн ярилцлагадаа энэ сэдвээр бодит баримт, нотолгоонд суурилсан өргөн хэлэлцүүлэг явуулах цаг болсныг онцолсон байна. Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд ЕХ-ны нэгдсэн зах зээл эсвэл гаалийн холбоонд нэгдэх хувилбаруудыг тэрбээр дурдсан юм.
Хэдийгээр Хөдөлмөрийн нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дээрх хязгаарлалтуудыг сэргээхгүй гэж амласан ч 2029 оны ерөнхий сонгуулиас өмнө бодлогын томоохон өөрчлөлт гарах эсэх нь анхаарал татаж эхлэв. Бөрнэм чөлөөтэй зорчих журам нь өмнө нь бэрхшээл дагуулдаг байсныг хүлээн зөвшөөрсөн ч сүүлийн арван жилд цагаачлалын нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн гэж үзэж байна. Ялангуяа залууст Европт ажиллаж, амьдрах боломж нээж өгөх нь эдийн засгийн хувьд харилцан өндөр ач холбогдолтойг тэрбээр санууллаа.
Их Британийн цагаачлалын статистик мэдээллийг сөхөж үзвэл 2016 оны 6 дугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд цэвэр цагаачлал 335,000-д хүрч байжээ. Харин 'Брекзит'-ийн дараа буюу 2023 оны 3 дугаар сар гэхэд гадаад ажиллах хүчний урсгал нэмэгдсэнээр энэ тоо дээд амжилт тогтоон 944,000-д хүрсэн байна. Үүний дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онд тус улсын цэвэр цагаачлалын тоо 171,000 болж эрс буурсан үзүүлэлттэй гарчээ.
Ерөнхий сайд 11 дүгээр сарын 20-нд Брюссельд болох дээд хэмжээний уулзалтын үеэр ЕХ-ны удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны цаашдын гарцыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэсэн хэдий ч тэрбээр Их Британийг Шенгений бүсэд нэгтгэх эсвэл үндэсний фунт стерлингээс татгалзан евро хэрэглэхийг хэзээ ч санал болгохгүй гэдгээ мэдэгдэв. Харин сөрөг хүчний зүгээс энэхүү санаачилгыг ард түмний шийдвэрээс ухарсан хэрэг хэмээн эрс шүүмжилж эхэллээ.


