Миний тохиргоо

Өсвөр насныхан уургийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв үү?

Уургийн нунтаг, батончик, пудинг зэрэг тусгай бүтээгдэхүүнүүдийг өсвөр үеийнхэнд чиглүүлэн сурталчлах нь эрс нэмэгдлээ. АНУ-ын Мичиганы их сургуулиас 2024 онд 1000 орчим эцэг эхийг хамруулан явуулсан судалгаагаар 13-17 насны хүүхдүүдийн бараг тэн хагас нь өнгөрсөн нэг жилд уургийн бүтээгдэхүүн хэрэглэсэн болох нь тогтоогдов. Хөвгүүд булчингийн масс нэмэх, спортоор хичээллэх зорилгоор түлхүү уудаг бол охид хоолны дэглэмээ тэнцвэржүүлэх болон жин хасахын тулд хэрэглэдэг байна. Германы зах зээлд фитнесс уургийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны орлого 2024 оны гуравдугаар сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд 25 хувиар өссөнийг 'Statista' мэдээлэв.

Уураг нь хүний бодисын солилцоо, булчин, арьс болон эрхтний эд эсийг нөхөн төлжүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэдэг суурь шим тэжээл юм. Германы Хоол зүйн нийгэмлэгээс (DGE) насанд хүрсэн хүн хоногт биеийн жингийн нэг килограмм тутамд 0.8 грамм уураг хэрэглэхийг зөвлөдөг. Харин өсөж буй өсвөр насныхан хоногт биеийн жингийн килограмм тутамд 0.9 грамм уураг авах шаардлагатай бөгөөд 45 килограмм жинтэй өсвөр насны хүүхдэд хоногт 40.5 грамм уураг хангалттай байдаг. Ахмад настан болон нэгээс дөрвөн насны хүүхдүүдийн хувьд нэг килограммд нэг грамм уураг шаардагдана.

Эдгээр хэрэгцээг тусгай нэмэлт бүтээгдэхүүнгүйгээр, зөвхөн өдөр тутмын ердийн хоол хүнсээрээ бүрэн нөхөх боломжтой. Германд 2015-2017 онд хийсэн судалгаагаар 6-17 насны хүүхэд, залуусын тал хувь нь уургийг зөвлөмж хэмжээнээс хоёр дахин ихээр хэрэглэж байгаа нь тогтоогдсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уургийн илүүдэл, ялангуяа амьтны гаралтай уургийг хэтрүүлэн хэрэглэх нь хүүхдийг илүүдэл жинтэй болгох эрсдэлтэй төдийгүй бэлгийн бойжилтыг цагаасаа эрт эхлүүлэх шалтгаан болдог байна.

Түүнчлэн уургийн хэт их хэрэглээ бөөрөнд өндөр ачаалал өгч, гэмтээх эрсдэл дагуулдаг. Бөөр нь уургийн бүтцэд ордог амин хүчлүүдийг шээг болгон хувиргаж гадагшлуулдаг бөгөөд шингэн дутагдсан эсвэл бөөрний эмгэгтэй үед энэ ачаалал улам нэмэгддэг байна. Өдөрт таваас дээш цаг хүнд бэлтгэл сургуулилалт хийдэг тамирчдын хувьд жингийн килограмм тутамд 1.2-2.0 грамм уураг шаардагдах хэдий ч энэ нь энгийн хүмүүс болон сургуулийн сурагчдад хамаарахгүй хэмжээ юм.

Уургийн нэмэлт бэлдмэлүүдэд сахар, чихэр орлуулагч, хиймэл амт оруулагч зэрэг хэрэгцээгүй бодисууд олноор агуулагддаг сөрөг талтай. Кёльн хотын Германы Спортын их сургуулиас булчин хөгжүүлэх сурталчилгаатай зарим бүтээгдэхүүнээс сэргээшийн найрлага илрүүлж байжээ. Мөн өсвөр насныханд уургийн бэлдмэлд байдаг сүүний уургаас шалтгаалан арьсны тослогжилт нэмэгдэж, батгашилт үүсэх эсвэл даамжрах тал ажиглагддаг.

Мэргэжилтнүүд залуусыг уургийн коктейльд дулдуйдан шим тэжээллэг, эслэгээр баялаг энгийн хоол хүнснээс зайлсхийх вий гэдэгт ихээхэн болгоомжилж байна. Нэмэлт баяжуулсан хүнс өндөр үнэтэй байдгийн дээр эрчимтэй дасгал хийдэг тамирчдад ч тусгай уургийн бэлдмэл шаардлагагүйг шинжлэх ухаан нотолдог. Харин хоол боловсруулах, зажлах, залгих эмгэгтэй эсвэл хоолны дуршил эрс буурсан хүмүүс л эмчийн зөвлөмжөөр уургийн бэлдмэл хэрэглэх нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж