Миний тохиргоо

Тасмани мужид түргэн тусламж хүлээж байсан иргэн нас барав

Австралийн Тасмани мужийн Зихан бүсэд цээжээр өвдөж, амьсгал давхацсан 60 орчим насны эрэгтэй '000' дугаарт яаралтай тусламж дуудсан ч эмч нарыг ирэхээс өмнө нас баржээ. Түргэн тусламжийн автомашин дуудлага өгснөөс хойш 78 минутын дараа очсон бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллах хүчний хомсдол ийнхүү хүний аминд хүрэх шалтгаан болсныг салбарын үйлдвэрчний эвлэл мэдээлэв.

Эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Робби Мүүрийн хэлснээр, уг дуудлага нэн яаралтай зэрэглэлд багтаж байсан аж. Гэвч тухайн өдөр Зихан дахь түргэн тусламжийн станцад хуваарилагдсан ажилтан байгаагүй бөгөөд зэргэлдээх Стран, Квинстаун хотуудын баг өөр дуудлагад явсан байжээ. Иймд 140 гаруй километрийн зайд орших Берни хотоос түргэн тусламж илгээсэн ч тусламж хугацаандаа хүрч чадсангүй.

Энэхүү харамсалтай явдал Тасмани мужийн төв Хобарт хотод түргэн тусламж ирээгүйн улмаас гэр бүлийнхэн нь эмнэлэг рүү хүргэх замд нэгэн иргэн нас барснаас хойш хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацааны дараа гарч байна. Тус мужийн бүс нутгийн эрүүл мэндийн салбарт байнгын орон тооны яаралтай тусламжийн ажилтнууд нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Хөдөлмөрийн намын гишүүн Элла Хаддад эрүүл мэндийн төсвийг танаснаас үүдэн хүний амь эрсдэж байгааг шүүмжилж, хөдөө орон нутгийн эмнэлгийн үйлчилгээнд яаралтай хөрөнгө оруулах хэрэгтэйг мэдэгдэв. Харин Тасмани мужийн Эрүүл мэндийн сайд Брижет Арчер уг үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

ABC News AustraliaABC News Australia · Эх сурвалж