Австралийн нэрт зохиолчийн нэрээр нэрлэгдсэн Patrick White Publishing компани үйлчлүүлэгчдээсээ хэдэн зуун доллар авсан ч чанаргүй үйлчилгээ үзүүлж байна гэж зохиолчид гомдол мэдүүлэв. Тэд бүтээлийн зураглалд хиймэл оюун ухаан ашиглаж, цахим орчинд гарсан сөрөг сэтгэгдлүүдийг устгахыг зохиолчдоос шаарддаг болох нь илэрчээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн зохиолч Керри Стюарт уран зөгнөлт номоо хэвлүүлэхээр тус компанид 500 доллар төлсөн боловч найруулгын чанар хангалтгүй байсныг онцоллоо. Компанийн цахим хуудсанд сэтгэл ханамж болон мөнгийг 100% буцаан олгох баталгаа амладаг ч гэрээ цуцлах хүсэлтэд нь мөнгө олгохоос эрс татгалзсан байна.
Мельбурн хотын иргэн Тулин Салис хүүхдийн номоо хэвлүүлэхдээ 400 доллар төлсөн ба 10 томоохон платформд нийтлэхэд өөр ямар ч нэмэлт зардал гарахгүй гэсэн амлалт авчээ. Гэвч дараа нь тус компани 1899 долларын үнэтэй тусгай багц тулгаж, 27 хуудастай номыг 100-аас 150 хуудас болгон уртасгахыг шаардсан байна.
Тус хэвлэлийн газрын албан ёсны хаяг дээрх оффисын бодит зураг болон номын хавтаснуудыг шалгахад хиймэл оюуны нууц тэмдэглэгээ илэрчээ. Нэхэмжлэх дээр Хобарт хотын Ливерпүүл гудамжны 118 тоот гэж бичсэн байсан боловч тухайн барилгад тус байгууллагатай огт хамааралгүй хүнсний болон аудитын пүүс байрладаг аж.
Гэсэн хэдий ч бүх үйлчлүүлэгч сэтгэл дундуур үлдээгүй бөгөөд Вүүдсток хотын зохиолч Паулин Гилл 17000 доллар төлж номоо бүрэн хэвлүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүний номын хавтас хиймэл оюунаар бүтээгдсэн нь нотлогдсон ч өөрийнх нь өгсөн бодит гэрэл зургуудыг ашигласан тул татгалзах зүйлгүй гэж мэдэгдэв.
Австралийн бизнесийн дугаарын бүртгэлийг шалгахад Patrick White Publishing нь өөр нэгэн байгууллагын дугаарыг хууль бусаар ашиглаж байсан нь тодорхой болов. Бусдын албан ёсны дугаарыг хууль бусаар ашигласан тохиолдолд Австралийн хуулиар хоёр хүртэлх жилийн хугацаагаар хорих ял оноодог билээ.
Түүнчлэн 1990 онд нас барсан, Австралийн цорын ганц Нобелийн шагналт зохиолч Патрик Вайтийн өвийг хамгаалагчид тус компанийг зохиолчийн нэрийг ашиглахаа нэн даруй зогсоохыг шаардаад байна.


