Франц даяар амьжиргааны зардал огцом өссөнийг эсэргүүцсэн олон зуун мянган иргэн гудамжинд гарч, цагдаа нартай дахин ширүүн мөргөлдөөн үүсгэлээ. Ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газар өмнөх долоо хоногийн үймээн самууны дараа аюулгүй байдлын хатуу арга хэмжээ авахаа амлаад байв.
Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр бямба гарагт улс даяар бараг 1,000 хүнийг баривчилсан байна. Хар хувцастай зүүний хэт даврагч бүлэглэлүүд цагдаагийн бие бүрэлдэхүүн рүү дайрч, хүчирхийллийн түвшинг эрс нэмэгдүүлснийг тэрбээр онцлов.
Парис болон Марсель, Лион, Бордо, Лилль, Тулуз, Монпелье, Нант зэрэг томоохон хотуудад үймээн тараах цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэлээ. Хууль сахиулагчид жагсагчдын бөөгнөрлийг албадан тарааж, худалдааны төв болон олон нийтийн барилгуудыг сүйтгэхээс сэргийлж хамгаалалтад авчээ.
Эрх баригчид өмнөх долоо хоногт гарсан эмх замбараагүй явдлыг давтахгүйн тулд улсын хэмжээнд нийт 70,000 аюулгүй байдлын ажилтныг дайчлан ажиллуулав. Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн барилгуудыг сүйтгэж, хэдэн зуун аж ахуйн нэгжийг тонож дээрэмдсэний улмаас 2,700 хүнийг баривчлаад байсан юм.
Мөргөлдөөний үеэр дор хаяж хоёр хүн хүнд бэртсэний нэг нь Тулуз хотод хуруугаа тасдуулсан иргэн байсныг албаныхан мэдээлэв. Түүнчлэн Макроны залгамжлагчийг сонгох ерөнхийлөгчийн сонгууль зургаан сарын дараа болох гэж буй тул хүний эрхийн төлөөлөгчид засгийн газрын уг хатуу хяналтыг эрх чөлөөнд халдсан үйлдэл хэмээн буруутгалаа.


