Японы Агаарын сансрын судалгааны агентлаг буюу JAXA Ангараг гаргийн дагуул Фобосоос хөрсний дээж авчрах дэлхийн анхны MMX төслийн хөлгийг мягмар гарагт H3 пуужингаар хөөргөнө. Таван жил үргэлжлэх уг төсөл нь Фобос болон түүний ихэр Деймос дагуул хэрхэн бүрэлдсэнийг тогтоохоос гадна нарны аймагт амьдрал үүссэн нууцыг тайлахад чухал ач холбогдолтой юм. JAXA-гийн төслийн менежер Кавакацү Ясүхирогийн мэдээлснээр цуглуулсан дээж нь АНУ, Хятад зэрэг улсуудын төлөвлөж буй Ангараг руу хүн илгээх нислэгт тус дагуулыг дамжин өнгөрөх бааз болгон ашиглах боломжийг судлахад үнэтэй мэдээлэл өгнө.
Ангарагийн дагуулууд одон орон судлалд онцгой байр суурь эзэлдэг ч одоог хүртэл бүрэн судлагдаагүй тул нарны аймгийн 'оргилд нь гараагүй хамгийн чухал уулс' хэмээн нэрлэгддэг. Өнгөрсөн хугацаанд ОХУ 2011 онд Фобос дээр газардах оролдлого хийсэн нь бүтэлгүйтэж, 1960-аад оноос хойш Ангараг руу хэдэн арван хөлөг очсон ч эдгээр дагуулууд нууц хэвээр үлдсэн билээ. Судлаачид тэдгээрийг Ангарагтай өөр том биет мөргөлдөх үеийн үлдэгдэл эсвэл хаа нэгтээгээс татагдан ирсэн солирууд гэж таамагладаг бөгөөд JAXA хөрсний дээж шинжилснээр гарал үүслийг нь бүрэн тайлбарлана гэж үзэж байна.
Фобос нь хамгийн өргөн цэгээрээ 27 км буюу 17 миль диаметртэй, Ангарагаас 6,000 км буюу 3,700 миль зайд өдөрт гурван удаа тойрон эргэдэг тул судалгааны гол бай болжээ. Эрдэмтэд уг дагуул Ангарагт илүү ойр байрладаг учир цуглуулах хөрсний 0.1 хувь нь тус гаргийн өөрийнх нь материал байх магадлалтай гэж тооцоолж байна. Мөн уг төсөл нь Фобосоос гадна түүнтэй ижил гарал үүсэлтэй гэгддэг Деймос дагуулын дэргэдүүр нисэж, ажиглалт хийх төлөвлөгөөг багтаажээ.
Дэлхийгээс 55 сая км-ийн зайд орших улаан нүдэн гаргийг чиглэх аяллын бодит нислэгийн зай 500-600 сая км хүрэхээр байна. Сансрын хөлөг Ангарагийн бүсэд 2027 оны наймдугаар сард хүрч, гурван жилийн турш Фобосын ойролцоо эргэлдэн хөрсний дээж цуглуулаад 2031 онд эх дэлхийд буцан ирэх юм. Түлхэгч хөдөлгүүр, хайгуул болон эргэн ирэх гэсэн гурван модулиас бүрдэх MMX хөлгөөс зөвхөн гурав дахь модуль нь дээжийг тээвэрлэн буцаж ирнэ.
Энэхүү хөлөг Франц, Германы хамтран бүтээсэн 'Идефикс' хэмээх өөрөө явагч робот болон АНУ-ын НАСА, Европын сансрын агентлагийн тоног төхөөрөмж зэрэг нийт 13 багаж хэрэгслийг авч явна. Гадаргуу дээр 2029 онд түрүүлж буух 100 өдрийн ажиллагаатай 'Идефикс' робот нь газар нутгийн байдлыг судалж, Японы үндсэн модульд буух талбайг нарийвчлан сонгож өгөх үүрэгтэй. Дараа нь JAXA уг дагуулын хоёр өөр байршилд бууж, Америк болон Японы аргыг хослуулан нийт 10 грамм буюу 0.35 унц хөрс цуглуулахаар зорьж байна.
НАСА-гийн даралтат хийгээр тоос соруулах систем болон JAXA-гийн газрын гүний 2 см хүртэлх зайнаас дээж авах өрөм нь микробын амьдралын ул мөрийг олох магадлалыг нэмэгдүүлнэ. Дэлхийн татах хүчний хоёр мянганы нэгтэй тэнцэх туйлын сул таталцал бүхий жижиг дагуулд буух үед савлаж ойхоос сэргийлж, хөлгийг тусгай доргилт шингээгч дөрвөн хөлтэй бүтээжээ. Цуглуулсан дээжийг өндөр температурт тэсвэртэй хамгаалалтын капсулд хадгалан эх дэлхийн агаар мандлыг нэвтрүүлж, Австралийн нутаг дэвсгэрт газардуулсны дараа Япон руу шилжүүлэн судлах юм.


