Миний тохиргоо

Мексикийг хар салхи чиглэж, Грек болон Турк үерт автлаа

'Труди' хар салхи Мексикийн эргийг дайрав

Номхон далайн бүсэд 22 дахь далайн шуурга болон бүртгэгдсэн 'Труди' хар салхи Мексикийн баруун өмнөд эргээс 160 километрийн зайд өнгөрлөө. Хоёрдугаар зэрэглэлийн уг хар салхи эх газраас хол зөрсөн ч АНУ-ын Хар салхины үндэсний төв Халиско, Мичоакан, Колима мужуудад аюулын сэрэмжлүүлэг зарласан юм. Тухайн бүс нутагт цагт 95-145 километрийн хурдтай салхи салхилж, 100-150 мм тунадас орсноор үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл бий болжээ. Даваа гарагийн өглөө гэхэд шуурганы эрч суларч, халуун орны шуурганы ангилалд шилжсэнээр эрэг орчмын сэрэмжлүүлгийг цуцалсан байна.

Грект үерийн улмаас нэг хүн амиа алджээ

Грек улсын Родос, Эвия болон Спорадес арлуудад хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай шуурга болсны улмаас үер бууж, нэг хүн амиа алдав. Афины Үндэсний одон орон судлалын төвийн мэдээлснээр, 10 дугаар сарын 14-ний өглөөний цөөн цагийн дотор Родос аралд 202 мм хур тунадас унажээ. Орон нутгийн эрх баригчид үертэй холбоотойгоор 30 гаруй удаагийн аврах ажиллагаа явуулсан бөгөөд Грекийн эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр дөрвөн автомашин далай руу урссан байна. Түүнчлэн Скиатос аралд хоёр тээврийн хэрэгсэл үерийн усанд урссан тухай мэдэгдлээ.

Станбулд таван хүн нас барж, 2,700 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэв

Туркийн Станбул хотод өнгөрсөн долоо хоногт их хэмжээний үер буусны улмаас таван хүн амь насаа алджээ. Аравдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд орсон аадрын улмаас хичээл сургууль хаагдаж, нислэгийн хуваарь хойшлогдсон бөгөөд олон мужид хөрсний гулгалт үүссэн байна. Станбул хотын захиргаанаас мэдээлснээр Бейкоз дүүрэгт 242 мм бороо оржээ. Гамшгийн бүсээс 600 орчим хүнийг аварч, 2,700 гаруй оршин суугчийг орон гэрээс нь яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Туркийн цаг уурын алба Мармара болон Хар тэнгисийн баруун бүс нутгуудад ахин 40-60 мм хур тунадас орох эрсдэлтэйг анхааруулав.

The Guardian WorldThe Guardian World · Эх сурвалж